УОК: Авто замын хөдөлгөөнийг хаахгүй


2020-03-17 15:06:25

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдав. Хурлаар гарсан шийдвэрийн талаар Улсын Онцгой комиссийн дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийсэн юм.

Ө.Энхтүвшин “Улсын онцгой комиссийн 12 дахь удаагийн хурлаар шинээр үүссэн нөхцөл байдалтайхолбоотой мэдээллийг сонслоо. Мөн одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлж ажиллах ажлын талаар санал солилцсон. Мөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэстэй цахимаар холбогдож хурал хийлээ. Учир нь Цагаан нуурын боомтоор урд Хятад улсад суралцаж, амьдарч байсан оюутан, иргэд орж ирсэн. Одоогоор 133 иргэнийг тусгаарласан байна. 59 иргэнийг гэрээр тусгаарласан байгаа.

Монгол Улсад халдварын  4 тохиолдол бүртгэгдлээ. Франц улсын иргэний биеийн байдал тогтвортой. Эмч нараас өгсөн заавар, зөвлөгөөг дагаж, эмч нартайгаа ойлголцож байгаа.

Тусгай нислэгээр ирсэн 3 иргэн халдвар авсан талаар Онцгой комиссийн гишүүдэд өчигдөр орой мэдээлэл ирсэн. Тэр даруй дахин нягтлах үүрэг өгч, нягталсаны эцэст Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийсэн. Гадаад оронд байгаа монгол иргэдээ татаж авна гэдэг байр суурийг Улсын онцгой комиссоос илэрхийлж байсан. Эхний ээлжинд БНСУ, Япон улсад тусгай нислэг үйлдэж, 750 гаруй иргэнийг авчраад байна. Өвчний голомттой улсаас ирж байгаа учраас эрсдэл гарахыг мэдэж байсан. Тиймээс бэлтгэл ажил ч хангагдсан байсан. Иймээс иргэдийг аль болох нэг өрөөнд цөөн тоогоор байрлуулсан. Бидний гол ажил бол ойр ойрхон халууныг үзээд, дахин оношилж, нягтлаад яаралтай эмчилж, эдгээх нь чухал. Иргэд гол нь албаны эх сурвалжаас мэдээлэл авч тайван байх нь чухал. Өвчин хэнд ч тохиолдож болно. Тиймээс өвчин туссан иргэдээ адлах, шоовдорлох, гадуурхах нь зохисгүй юм. Мөн коронавирусийн халдвараар улс төр хийж, ашиг хонжоо хайхгүй байхыг сануулья. Төр засаг байгаа цагт хариуцлага ч бас тооцно гэдгийг анхааруулья” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар 164 улсад халдвар бүртгэгдээд байна. 180 гаруй мянган хүн халдвар авч, 7000 орчим хүн нас барсан. Монгол Улсын хувьд 1330 хүн тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар 257 иргэн ХӨСҮТ-д байгаа. Франц иргэний биеийн байдал тогтвортой. Амин үзүүлэлтүүд нь хэвийн байгаа. 257 иргэнээс 88 Франц улсын иргэнтэй ойрын хавьтлын иргэд. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэхдээ 14 хоногийн хугацаандаа ажиглалтад байлгана.

Шинээр бүртгэгдсэн 3 тохиолдлын хамгийн ойрын хавьтлын 111 иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Тэдний 61 хүнийх нь хариу сөрөг гарсан байна.

Эмчилгээний тухайд ДЭМБ-аас зөвлөмж өгч байгаа. Тэр зөвлөмжийн дагуу тоног төхөөрөмж, эмчилгээ арга барилыг ашиглаж байна. Гурван иргэнийг эмчилгээнд шуурхай оруулсан.

Монгол Улсын хувьд 3 сарын турш халдвараас иргэдээ хамгаалж чадлаа. Дээрх дөрвөн тохиолдлын хувьд зөөвөрлөгдөн ирсэн. Гэхдээ хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тэр хүнийг буруутгах хэрэггүй. Цаашдаа эмчилгээтэй холбоотой асуудлыг онцгойлон анхаарч байна.

Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай хуралдаж цаг алдалгүй бэлэн байдлыг хангах, эмнэлгийн хүчин чадлыг чадавхжуулах шуурхай арга хэмжээ авсан. Тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл бүх зүйл бэлэн байгаа. Эрүүл мэндийн байгууллагад бүрэн итгэж болохоор байна” гэлээ.

Харин үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор  авто замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гараагүй гэнэ. Одоогоор Баян-Өлгий аймгаас бусад аймаг руу орох, гарах хөдөлгөөн нээлттэй байгааг онцлов.

Мөн сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудлаар салбарын яаманд үүрэг өгсөн гэнэ. Иймээс салбар яам нөхцөл байдлыг үнэлж дүгнээд Улсын онцгой комисст саналаа оруулж, эцэслэхээр болжээ.