Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар 700 сая төгрөгийн шинжилгээ хийсэн байна


2020-03-20 11:30:07

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал улсын хэмжээнд нийт 1804 иргэн тусгаарлан ажиглалтад авсан талаар мэдээлэл хийв. Тэрбээр "Наранбулаг, Парк, Амар зочид буудал, Энхсаран, Жаргалант сувилал, Бага баян амралт, Асралтмед эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад иргэд ажиглалтад байгаа.

Тусгай үүргийн дөрвөн нислэгээр нийт 983 зорчигч ирсэн. Зорчигчид болон нисэх багийнхан бүгдээрээ тусгаарлан ажиглалтад байна.

ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ Элчин сайдын яамаараа дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа. Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байна. 14:00 цагаас Улсын онцгой комисс хуралдана. Хуралд Эрүүл мэндийн сайд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулна.

Анхны мэдээг нэгдүгээр сарын 3-нд хүлээн авснаас хойш эрүүл мэндийн салбар, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэн Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өчигдөр хуралдуулсан. Хурлаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж өнөөдөр УОК-т танилцуулах гэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байгаа. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болголоо. Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж байна. Эмнэлгийн машинуудыг мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ ачаалал үүсээд эхэлбэл явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна.

"Амар" зочид буудалд эрүүл хүмүүс байгаа. Тэд цонхоо нээж, агаар солилцох боломжтой. Тэд 14 хоног ажиглалтад байгаа бөгөөд халдавргүй гэж хэлж болно" гэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнгөрсөн хугацаанд халдварын шинжилгээ хийхэд 700 сая төгрөг зарцуулсан талаар онцлов. Хэдийгээр оношлуур нь хямд ч урвалж бодисууд ордог гэдгийг тэрбээр нэмж тодотголоо.