COVID 19: :Дэлхийн 184 оронд халдвар тархжээ


2020-03-22 11:16:37

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 184 оронд халдвар тархсан. Африкийн 7 оронд халдвар нэмж бүртгэгдсэн байна. Испани, Итали, АНУ, Герман, Францид өвчлөл өндөр хэвээр байна. БНСУ-д өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай боллоо. БНХАУ-ын Ухань хотод ажилласан эмч нарын зөвлөж байгаагаар энэ өвчнийг ялан дийлэх арга бол хувийн ариун цэвэр юм. Гудамж талбай, гэрт орондоо ариун цэвэр сахиж чадвал энэ халдвараас сэргийлж, мөн тархалтыг хязгаарлаж чадна.  

Иймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр уриалга гаргасан. Худалдаа үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдэд хандаж уриалга гаргасан байгаа. ДЭМБ-аас 1 метрээс доошгүй зайд хоорондоо харьцах нь зүйтэй гэж байссан бол 2 метр болгож хоорондох зайг нэмэгдүүлээд байна. Иймээс үйлчилгээний байгууллагад 2 метрийн зайтай тэмлэглэгээ хийж, үүнийгээ үйлчлүүлэгчдэд мөрдүүлж ажиллах уриалга, шаардлага мэдээлэл хүргүүлээд ажиллаж байна. Мөн аль болох бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээс тагалзаж, цахим хэлбэр, картаар  гүйлгээ хийхийг анхааруулж байна. Ажилчдын ажлын ачааллыг тэнцүүлэх ажил мөн хийгдэж байна. АТМ зэргийг 2 цаг тутам ариутган цэвэрлэж, дугаарлалт үүсгэхгүй байхад анхаарч ажиллаж байна” гэлээ.

 ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагийн дотор Африкийн 7 оронд халдвар бүртгэгдсэн байна. Халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн дотор  32000-аар нэмэгдлээ.

Халдварын тохиолдлын 48 хувь нь Европт бүртгэгдэж 6000 хүн нас бараад байна. Европын орнуудын халдварын 77 хувь нь Испани, Итали, АНУ, Францид бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн. Дэгдэлтийн судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна.

Мөн Африкийн орнуудын удирдлага, Элчин сайдуудтай цахим хурал хийсэн. Тэрхүү хурлаар энэ халдвар нь дэлхийн улс орнуудын эв нэгдлийн шалгуур болж байгааг онцолж, олон улсын хамтын ажиллагааг баримтлахыг уриаллаа” гэв.