Д.Сарангэрэл: АНУ-аас өгсөн 3.3 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна


2020-03-24 11:56:11

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн эхэнд Олон улсын байгууллагуудын Монгол дахь суурин төлөөлөгч, АНУ-ын Элчин сайд нар Монголд тусламжийн гараа сунгахаар болсон тухайгаа мэдээллээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески "АНУ нь Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.2 сая ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна. АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна. COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна" гэв.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица  “Өнөөдөр АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад өгч буй хандивын арга хэмжээнд би өөрийн биеэр оролцож байгаадаа баяртай байна. Энэ хандиваар коронавирусийн тархалтаас сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байна. АНУ-ын Засгийн газар манай байгууллагатай болон НҮБ-ын хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж шаардлагатай техникийн туслалцааг бий болгож Монголын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна.

Монгол Улсын Засгийн газраас маш шуурхай шийдвэрүүдийг гаргаж байгаа тул халдварын дэгдэлт гарахгүй үр дүнтэй байна. Гэхдээ цаашид ч маш анхааралтай ажиллах ёстой. Тийм учраас АНУ-аас үзүүлж байгаа энэ тусламжийг цагаа олсон гэж тодорхойлж болно. Уг тусламжийн ачаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ЭМЯ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа цаашид илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. 

Уг тусламжийн хүрээнд хэд хэдэн чиглэлд хийгдэх ажлыг би онцолж хэлмээр байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчид, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан мэдээллийг боловсруулж үндэсний хэмжээнд түгээх болно. Мэдээлэл нь халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх үнэн бодит агуулгатай байна.

Мөн үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг явуулна. Энэ ажлын хүрээнд нэн шаардлагатай саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах юм. 

Дээр дурдсан ажлуудаас гадан НҮБ-ын Хүүхдийн сангаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, сургууль цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүй гэрт үлдэж байгаа. Мөн орлогоо алдаж буй гэр бүлүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарч байгаа учраас тэднийг дэмжих чиглэлээр ажиллана" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дээрх хүмүүст болон АНУ-д талархаж байгаагаа илэрхийлэв. ТэрбээрЭнэ чухал үед бидэнтэй  хамт  байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-д нь COVID-19 халдвар тархжээ. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд халдвар авахад 11 хоног болж байсан бол дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна.

Энэ нь COVID-19-ийн халдвар ямар хорон чанартай гэдгийг илэрхийлж байна. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Бид шинэ коронавирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт шаардлагатай бөгөөд дайралтад бэлтгэх цаг үе ирсэн гэж хэлж байсан. Энэ нь Эрүүл мэндийн салбарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах санамжийг өгсөн гэж бид хүлээн авч байгаа.

Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаад АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа хандивыг бид иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно" гэлээ.