Халдварын тохиолдол 1-ээр нэмэгдэж 11 боллоо


2020-03-26 11:21:56

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3500 тусгаарлан ажиглалтад авсан. Үүнээс 2124 иргэн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 232 иргэнийг ажиглалтад авч тусгаарласан. Тэднээс 2 сэжигтэй тохилдлыг Нэгдсэн эмнэлэгт тусгаарлалтад аваад байна.

Энэ хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан.Одоогоор халуун нь буурсан байна. Хоёр дахь нь Якутаас дамжиж ирсэн бие нь зовирутай.

Тусгаарлах байранд 309 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Түргэн тусламжийн дуудлага мэдээллийг мөн хянаж байна. Өчигдрийн байдлаар 1393 дуудлага мэдээлэл ирсэн. Ихэнх нь 5 хүртлэх насны хүүхэд, төрөх, осол гэмтлийн дуудлага байна.

Тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах, бэлтгэх ажлыг нэлээн анхаарч ажиллаж байна. Тусгай үүргийн онгоц, автобус явж иргэдийг авчрах шаардлага гарвал амралт, зочид буудал, их, дээд сургууль, МЭСҮТ-ийн дотуур байр гээд  эрэмбэ дараатайгаар судалгаа гаргаад ажиллаж байна. Хотод болон хотын ойр орчим 20.000 хүнийг хэрхэн тусаарлаж болох талаар судалгаа гаргасан. Эмнэлгийн орны хувьд 7 үе шаттайгаар 5000 орныг дэлгэх боломжийг судалсан. Орон нутгийн галт тэргэнд эмч нар ажиллаж байгаа. Зорчиж байгаа иргэдийн халууныг 2-3 удаа хэмжиж, тусгаарлаж байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.  

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс шинжилгээ авсаар байна. Өчигдөр 1 иргэнээс халдвар илэрлээ.

2020.03.25-нд ХӨСҮТ-д 1 сжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдан ажиглалтад байна” гэлээ.