О.Ариунтуяа: Вирусын халдвар сүүлийн хоёрхон хоногийн дотор 100.000-аар нэмэгдлээ


2020-03-27 11:59:21

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  “COVID-19 нь одоогоор дэлхийн 201 орон, бүс нутагт бүртгэгдсэн байна. Сүүлд Ангела хэмээх нэг арал дээр бүртгэгджээ. 

Олон улсын эрдэмтэн, судлаачид коронавирусийн хоёр дахь давалгаанд идэр залуу насныхан зонхилон өртөж байгааг онцолж байна. Ялангуяа 10-15 насны буюу идэр насныхан энэ өвчнөөр өвчилж, хүндрэх явдал ихэслээ гэж дэлхий дахинд анхааруулсан байна.

БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх нь нэмэгдсэн тул гаднаас авах нислэгүүдээ өнөөдрөөс цуцалсан. Түүнчлэн Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэн судлаачид цэвэрлэх байгууламжаас коронавирус илрүүлсэн байна. Тэгэхээр энэ вирус агаар дуслын замаас гадна өтгөн, бохироор халдварлах өндөр байгаа тул сэрэмжлүүлж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Гуравдугаар сарын 26-нд дэлхий дахинд COVID-19-ийн 465,915 тохиолдол, 21031 нас баралт мэдээлэгдсэн. COVID-19-ийн цар тахал маш эрчимтэй явагдаж байна. Одоогоор дэлхийн хагас сая хүн халдвар аваад 20 гаруй мянган хүн нас бараад байна. Эхний 100,000 тохиолдол бүртгэгдэхэд хоёр сар болж байсан бол сүүлийн хоёрхон хоногийн дотор 100,000-аар нэмэгдлээ.

Бүх улс орнууд шийдвэртэй арга хэмжээг одоо л авахгүй бол сая саяар хүн ардаа алдахад хүрч байна. Ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн, гамшиг, дотоодын зөрчилдөөн ихтэй ядуу буурай улс орнуудад туслахгүй бол эргээд бүх улс оронд гамшгийн байдалд орно гэж байна.

ДЭМБ тохиолдол хавьтал бүрийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын сонголт биш харин үүрэг гэдгийг онцолсон. Коронавирус нь агаар дусал болон ахуйн хавьтлаар дамжиж байна. Тиймээс гараа сайн угаах, хүний гар хүрэлцдэг гадаргууг арчиж цэвэрлэх нь вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэж үзэж байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү