Эрхүүд халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ


2020-03-30 12:24:43

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 202 оронд тархаад байна. ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ, Испанид өвчлөлийн тархалтын хувь өндөр байна. АНУ-д 89 хоригдол нэгэн зэрэг өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ. Иймээс АНУ-д 04 сарын 30-н хүртэл зай барих зөвлөмжийг хэвээр үлдээхээр болсон байна. Мөн конгерессийг 10 дээшгүй гишүүнтэй хуралдуулах шийдвэр гаргасан мбайна.

Гэртээ байгаа болон тусгаарлалтад байгаа хүмүүсийг онцгойлон анхаарах хэрэгтэйг ДЭМБ-аас анхааруулсан байна. Биеийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэцийн эрүүл мэнд чухал. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Бид хүнд хэцүү сорилтын өмнө тулгараад байна. Энэ эрсдэлд 2 сая гаруй хүн өртсөн байна” гэжээ. Иймээс 5 зөвлөмжийг гаргасан байна.

  1. Эрүүл зөв хооллох. Хэтэрхий жингийн илүүдлээс татгалзаж, хүүхдийг зөв эрүүл хооллох явцад анхаарах нь зүйтэй гэж хэлсэн байна. Гэрийн нөхцөлд тусгаарлалтад байгаа хүүхдийг хэрхэн хоолоох талаар ЭМЯ-ны зөвлөгөө мэдээллийг дагахыг мөн энэ үеэр онцлов.
  2. Архи болон чихэрлэг ундаа хэрэглэхээс татгалзах.
  3. Тамхинаас татгалзах
  4. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх. Өдөрт том хүн 30 минут, хүүхэд 1 цаг орчим дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
  5. Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх. ЭМЯ-наас гэртээ тусгаарлагдсан болон ажиглалтад байгаа хүмүүст тус тусад нь хэрхэн дагаж мөрдөх зөвлөгөө гаргасан байгаа” гэв.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д халдварын 140.000 тохиолдол бүртгэгдэж,  нас баралт 2400 боллоо. Тус улсаас ард иргэддээ хандаж АНУ-д оргил үе хараахан болоогүй байна. Ирэх 7 хоногт оргил үедээ хүрэх магадлалтай. Математик аргачлалаар тооцоход нас баралт 100.000 хүрч болох талаар мэдээлсэн байна.

Холбооны Засгийн газраас хөл хорионы хязгаарлалтын хугацаагаа 04 сарын 30 хүртэл сунгаж байгаагаа мэдэгдсэн байна. 10-аас дээш хүн цуглуулахгүй байх, өндөр настнууд гэрээсээ гарахгүй байх зэрэг хязгаарлалтыг ч сануулжээ.

Итали улсад сүүлийн 24 цагт 756 хүн нас барсан байна. Сүүлийн 2 өдөр дараалан нас баралт ялимгүй буурсан үзүүлэлттэй байгаа нь энэ юм. Хөл хориог цааш нь үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Ер нь 6 сар хүртэл хөл хориог цуцлахгүй байх талаар мэдээлсэн байна.

Испани улсад сүүлийн 24 цагт нас баралт 838 хүрсэн нь халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт юм.

Франц Улсад коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар халдварын тохиолдол 40174 хүрч, нас баралт 2606 болсон байна. Эрчимт эмчилгээнд 4632 хнү байна. Герман улсад 1 хоногийн хугацаанд 4000 гаруй хүн халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Мөн Франц улсын эрчимт эмчилгээ шаардлагатай байгаа 50 хүнийг Германы тал хүлээн авч эмчлэхээ мэдэгдсэн байна.

Япон улсад 1700 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн. Мөн Токио хотод эх уурхай нь тодорхойгүй халварууд гарах болсон байна. Нэгдүгээр сарын 14-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш коронавирусийн улмаас 55 хүн нас баржээ.

БНСолонгост ковидын оношлогоог эрчимтэй хийж байна. Ингэснээр халдварын нийт 394000 хүнээс шинжилгээ авч 9600 тохиолдол илрүүлжээ. Өнгөрсөн хоногт 78 тохиолдол илүүлсэнээс 13 нь гаднаас, Сөүлээс 31, Тэгү хотоос 17 илэрчээ.

Лхагва гарагаас гадаадаас ирэх бүх зорчигчдыг 14 хоногийн хугацаанд заавал карантлах шийдвэр гаргасан байна. Байнга оршин суугч биш бол өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана.  

ДЭМБ-ын мэдээллээр 71321 хүн халдвар авч, нас баралт 33557 болжээ” гэв. ХО