Эрүүл мэндийн салбарын 8 зөвлөхөд мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардууллаа


2020-03-30 17:07:35

Эрүүл мэндийн салбарт 2019 онд төрөн гарсан 8 зөвлөхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч  уулзан мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардууллаа.

Эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үнэлэх, дэмжин урамшуулах зорилгоор 1969 оноос эхлэн эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн  зэргийг 1 дүгээр, 2 дугаар зэрэг,  1996 оноос эхлэн Ахлах, Тэргүүлэх, Зөвлөх зэрэг  хэмээн шатлан олгож эхэлсэн байна. 


2019 оны байдлаар улсын хэмжээнд нийт 14081 эмнэлгийн мэргэжилтэн  мэргэшлийн зэрэг хамгаалан ур чадвараа нэмэгдүүлсэн гэсэн статистик үзүүлэлт байгаа бөгөөд үүнээс зөвлөх зэргийг 263 эмнэлгийн мэргэжилтэн хамгаалсан нь нийт эмнэлгийн мэргэжилтний 2 % байна. Сүүлийн 5 жилийн /2014-2018 оны/ байдлаар авч үзэхэд эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтны тоо 224,452 байгаагаас 4295 буюу 1,9 % нь мэргэшлийн зэрэгтэй байна.  Мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл хүний их эмч –1561, сувилагч - 2022, эх баригч – 172, эм зүйч -135, эм найруулагч -40, эмнэлгийн удирдах ажилтан -67, бусад / техникч, лаборант г.м / -298 эмнэлгийн мэргэжилтэн мэргэшлийн зэрэг хамгаалж ур чадвараа нэмэгдүүлсэн байна.

2019 оны хувьд 797 эмнэлгийн мэргэжилтэн мэргэшлийн зэрэг хамгаалснаас  Мэс засал судлал -1, Эх барих, эмэгтэйчүүд судлал -2, Хүүхэд судлал -2, Нүд судлал -1, Сэтгэц судлал -1,  Сувилахуй судлал -1 нийт 8 эмнэлгийн мэргэжилтэн Зөвлөх зэрэг хамгаалсан байна.

Үүнд:
Хүүхэд судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор, дэд профессор Д.Даваасүрэн эмч хүүхдийн анагаахын салбарт 41 жил үр бүтээлтэй ажилласан байна.  2008 оноос эхлэн Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа “Хепатит В, Дельта вирүст халдварын оношилгоо, эмчилгээний заавар”, ХӨЦМ-ийн гарын авлага боловсруулсан. 
Хүүхэд судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор, клиникийн профессор Д.Агиймаа  хүүхдийн анагаахын салбарт 25 жил ажилласан байна.  Хүүхдийн бөөрний нефроз хам шинжийн тусламж үйлчилгээний заавар, Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн түргэн даамжрах үрэвслийн тусламж үйлчилгээний эмнэл зүйн заавар, Хүүхдийн бөөрний цочмог үрэвслийн тусламж үйлчилгээний эмнэл зүйн заавар боловсруулсан эмнэл зүйн чиглэлээрх 6 судалгаа удирдсан байна.

 Мэс заслын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Д.Энхболд эмч Мэдрэлийн мэс заслын чиглэлээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт 24 жил ажилласан. Тархины судасны эмгэг, тархины хавдар, тархины дурангийн мэс засал, нурууны мэс заслын чиглэлээр ОХУ, Австри Улс, БНСУ, Испани Улсад мэргэжил дээшлүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Ц.Үржиндэлгэр эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  23 дах жилдээ тасралтгүй ажиллан “Манас таталтын урьдлын эрт илрүүлэгт биохими, биофизикийн маркеруудын оношилгооны ач холбогдлыг үнэлсэн нь”  сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан байна.

“Ураг- ихэс-умайн тогтолцооны Допплер шинжилгээ”, “Жирэмсний эхний 3 сарын нийлмэл илрүүлэг”, “Манас таталтын урьдлын илрүүлэгт биомаркеруудашиглах” чиглэлээр зохиогчдын эрхийн гэрчилгээ авсан байна.

Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Р.Уранчимэг эмч Нийслэлийн Өргөө амаржих газарт 21 дэх жилдээ тасралтгүй ажиллан “Умайн лейомиомийн артерийг бөглөх эмчилгээний үр дүнг судалсан нь” сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалсан байна.

Нүд судлалын чиглээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Ч.Цэнгэлмаа эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 17 дах жилдээ Нүдний мэс заслын чиглэлээр ажиллаж байна. 2017 онд Монгол улсад “OCULIGHT SLx DIODE LASER” эмчилгээг хүүхдийн нүдний торлог бүрхүүлийн эмгэг болох Дутуу нярайн торлогийн эмгэг, Ретинобластом хорт хавдар, Коатсын эмгэг ба глаукомын эмчилгээнд нэвтрүүлсэн байна.

Сэтгэц судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан АУ-ны доктор Т.Ганцэцэг эмч салбартаа 21 жил тасралтгүй ажиллан Сэтгэл засалч, эмгэг сэтгэл судлаач, донтолт судлаачийн чиглэлээр мэргэшсэн байна. “Никотин орлуулах (наалт,  бохь, үрлийг) эмийн эмчилгээ”-г сэтгэл засал эмчилгээтэй хослуулан Монгол улсад  анх  удаа хэрэглэж үр дүнг нь тооцсон байна.

Сувилахуйн чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалсан Сувилахуйн ухааны доктор Г.Хулан нь салбартаа 30 дах жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. Ахмад настны сувилахуй, сувилахуйн боловсрол, сувилахуйн удирдлага манлайлалын чиглэлээр мэргэшсэн байна.
 
Эрүүл мэндийн салбар төрөн гарсан 8 зөвлөхдөө цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулан, салбарын эмч, мэргэжилтнүүдээ манлайлан ажиллахыг хүсье!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү