Я.Буянжаргал: Тусгаарлах байранд байгаа иргэд мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна


2020-03-31 12:34:15

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 2310 иргэн ажиглалтад байна. Эдгэрсэн 2 иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлэн, ажиглалтад авсан. Тусгаарлах байранд 337 эмч, эмнэлгийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Түргэний 1700 дуудлага хүлээн авсан. Ихэнх нь 5 хүртлэх насны хүүхдийн өвчлөл, төрөхтэй холбоотой дуудлага байсан. Хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадваргүй болсон иргэдийг эмнэлэгт очихгүйгээр бичиг баримтад нь тулгуурлан сунгаад явж  байгаа.

Зөвлөх эмч нартайгаа цахимаар харьцан эмчилгээ, оношлогооны зааварт орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэл зөвлөгөөг цаг алдалгүй өгч ажиллаж байна.

Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн хүн, 5 хүртлэх насны хүүхэд 56 байна. Мөн чихрийн шижинтэй 33, гэмтэл авсан 7 хүн гэхчлэн байна. Тусгаарлах байранд байгаа эмч, эмнэлгийн ажилчид тусламж үзүүлэн ажиллаж байна. Шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч нар очиж, эмчилгээ үзүүлж байна. Жирэмсэн эмэгтэй дээр 2 дахин очиж үйлчилгээ үзүүлсэн байх жишээтэй.

Гэтэл тусгаарлах байранд байгаа иргэдээс гомдол их гарч байна. Өрөө жижиг байна, хоол амтгүй байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, Өргөө амаржих газарт очмоор байна гэх гомдол их гаргаж байна. Мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо хэрэлдэж, зодолдож байна. Дэлхий нийт үүнийг цар тахал гэж зарлаад байна.

Монгол иргэдээ онгоцоо татаж авч байгаа орон дэлхийд цөөн байна. Тэдний нэг нь Монгол. Иргэдээ 5 одтой зочид буудалд байгаа орон байхгүй. Гэтэл Монголд зочид буудалд буулгаж байна. Дэлхийн зарим оронд амны хаалтаа зүү гэж ороолгож байхад манай оронд зөвлөж, анхааруулж байна.  Эмчээрээ хоолоо зөөлгөж байгаа орон манайхаас өөр байхгүй.

Тусламж үзүүлж байгаа тусгаарлах байранд байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, Энхийг сахиулахад ажиллагаанд Монголын армийг ахалж байсан хүмүүс. Иймээс иргэд авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уурлаж, уйлахаар нь тусгаарлах байрны хугацааг богиносгодог юм биш. Иргэн таныг болон хайртай хүмүүсийн чинь эрүүл энхийн төлөө тэр эмч нар ажиллаж байгааг ухамсарлаарай. Мөн иргэн та үүргээ хүлээж хүлээцтэй байх хэрэгтэй. Дараагийн онгоцоор ирэх иргэд ч мөн үүнийг ухамсарлаасай” гэлээ.

 Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээний хариунаас коронавирус илрээгүй. Танадалтын шугамаар буюу уушгины хатгалгаатай 12 хүнээс авсан сорьцын хариунаас вирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн хяналтад танадалт, эмчилгээнд хамрагдаж байна.

Олон  хүнээс тархсан, баярласан захидал их ирж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүст хүртэл сэтгэлийн дэм өгсөн сайхан захидлууд ирж байна. Сэтгэлийн дэм гэдэг бол эмчилгээний 50 хувь. Нэгнийгээ муулж, ажилд нь саад болж, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхыг хүсье” гэлээ.