Д.Сарангэрэл: Бид илүү хянуур, нямбай байх хэрэгтэй


2020-04-09 08:48:29

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэд, олон нийтэд хандан анхаарлаа сулруулахгүй байж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, аль болох гадуур гарахгүй, олон хүний хөдөлгөөнөөс дайжихыг санууллаа. Чухамдаа аюул холуур өнгөрсөн мэт ойлгох хэрэггүй бөгөөд харин ч  шинэ төрлийн коронавирусийн бодит аюул тун ойрхон байгааг анхааруулсан юм. 

Тэрбээр "Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрбээр "Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа" гэж хэлсэн. Тиймээс би ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно.

Бидэнд өнөөдрийг хүртэл эрсдэл байгаа учраас маск зүүх чиглэлд бүгдээрээ бие биедээ шаардлага тавъя. Гадуур, дотуур залуучууд маскгүй яваад байна. Маск зүүгээгүй хүнд "хүү минь, найз минь ч маскаа зүүгээч" гэж хэлье, шаардъя. Чи өөрийгөө болон намайг, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулаад байна гэдгийг хэлье.

Өнөөдөр маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Тайвшраад байгаа үр хүүхэд, найз нөхөддөө дор бүрнээ шаардлага тавьж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалъя гэдгийг дахин хэлмээр байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү