Я.Буянжаргал: Цэргийн төв эмнэлэгт халдвартай иргэдийг эмчилнэ


2020-05-16 14:49:28

Эмнэлгийн бэлэн байдал, тусламжийн талаар ЭМЯ-ын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад баярласнаа хэлсэн юм. Мөн эрүүл мэндийн салбарынхан цар тахлыг дотооддоо тархаахгүйн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаагаа онцлов.

Тэрбээр “Өнөөдөр тусгаарлан ажиглах байранд 1.623 иргэн байна. Нийтдээ 7.195 иргэн тусгаарлан ажиглалтад орсон байна.

Сүүлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээ оролцуулаад тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар

  • 0-5 хүртлэх насны 104 хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэй 61
  • Чихрийн шижин өвчтэй 25
  • Артерийн даралт ихсэх өвчтэй 80
  • Хорт хавдрын улмаас гадаадад эмчлүүлж байсан 22 иргэн ирсэн. Эдгээр иргэдийн сахиур мөн хамт тусгаарлалтад бий.

Амьдрал баян болохоор тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдийн шүд өвдөх, санамсар болгоомжгүйгээр өөрийгөө бэртээх, мөн зулбахыг завдах тохиолдлууд их гарч байна. Тухай бүрт нь яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт байгаа 3 иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Цэргийн төв эмнэлэгт гадаадаас ирсэн шинжилгээний хариу сөрөг гарсан, гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдийг тусгаарлаж байгаа.  Цаашдаа энэ эмнэлгийг ковид-19-ийн халдвартай иргэдийг авч эмчлэх чиглэлээр бэлтгэлийг хангаж байна.

Мөн Цэргийн төв эмнэлэгт халдвар батлагдсан иргэдийг авч байгаа тохиолдолд өөр лавлагаа төв дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай иргэдээ шилжүүлэн ажиллахаар урьдчилан эрэмбэлсэн дарааллаар бэлтгэлийг хангаж байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төв тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Хилийн боомтууд ялангуяа Гашуунсухайт, Ганц мод, Шивээ хүрэн зэрэг богино замд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарт санамсаргүй түүврийн аргаар танадалтыг хийж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлж байна.

Гадаадаас ирж байгаа иргэд мэдээллээ үнэн зөв өгөх хэрэгтэй байна. Магадгүй өвчтэй, эмчилгээ шаардлагатай гэвэл онгоцонд суулгахгүй байх гэж боддог бололтой. Мэдээллээ дутуу өгснөөс болж ирсэн хойноо эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл учрах эрсдэл байна. Иймээс мэдээллээ үнэн зөв өгөх хэрэгтэй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү