Б.Янжмаа: БНСУ-д 19 шинэ тохиолдол, 2 нас баралт бүртгэгдлээ


2020-05-26 12:22:49

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлж байна.

АНУ-д өчигдөр 15.000 гаруй шинэ халдвар, 620 нас баралт бүртгэгдлээ. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулбал буурсан үзүүлэлт юм.

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11.600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 374.000 гаруй болсон байна. Шинээр 807 нас баралт бүртгэгдэж, өчигдрийн хувьд харьцуулбал АНУ-ын нэг өдрийн нас баралтыг давсан үзүүлэлт юм.

Өмнө Америк тивд Перу, Чил улсуудад халдварын тархалт өндөр хэвээр байна.

Африкийн өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлсэнээр тус тивийн 54 улсад даваа гарагийн байдлаар нийт 111.000 гаруй хүн халдвар авчээ. Нийт халдвар авсан хүнээс 44.000 гаруй нь эдгэрсэн байна. Халдвар хамгийн өндөрт Өмнөд Африкийн бүгд найрамдах улс орж байна. Тус улсад одоогийн байдлаар 22.000 гаруй тохиолдол бүртгэгдсэнэнээс 400 гаруй хүн энджээ.

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын дараа Африк тивд тархалтаараа хамгийн өндөр нь Егивт улс эрэмбэлэгджээ. Тус улсад 17.000 гаруй халдвар, 700 гаруй нас баралт бүртгэгджээ.

Номхон далайн баруун бүсэд БНСУ-д даваа гарагт 19 шинэ тохиолдол, 2 нас баралт бүртгэгджээ. Шинэ тохиолдлуудын 16 нь дотоодын халдвар бол 3 нь гаднаас зөөвөрлөгджээ. Мөн шөнийн клубын голомтод халдвартай холбоотой батлагдсан тохиолдлын тоо 230 болжээ.

БНСУ-д мягмар гарагаас эхлэн орон нутагт нийтийн тээвэр болон таксигаар үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүх шаардлагатай болсон байна. Мөн даваа гарагаас эхлэн гадаад болон дотоодын нислэгүүдэд зорчигчид маск зүүхийг шаарджээ.

Япон улсад тогтоосон байсан онц байдлыг үндэсний хэмжээнд цуцлах шийдвэрийг өчигдөр гаргажээ. Халдварын шинэ тохиолдол улсын хэмжээнд 50-аас доош болж бууран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 2000-аас доош болсон нь онц байдлыг цуцлах үндсэн тулгуур болсон байна.

Тус улсын хувьд халдварын тархалтын муруй өөрчилж чадсан ч цаашид халдварын дэгдэлтээс сэргийлэхийн тулд ард иргэд Засгийн газраас баримталж байгаа 3С-гийн дүрмээ чанд мөрдөхийг сануулжээ. 3С-гийн дүрэм гэдэг нь

  1. Агааргүй битүү орчноос аль болох зайлсхийх
  2. Хүн олноор цуглардаг газарт аль болох очихгүй байх
  3. Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх гэсэн дүрэм юм.

ДЭМБ болон түншлэгч байгууллагууд хамтран эв нэгдлийн туршилт хэмээх дэлхийн олон улс орныг хамруулсан эмнэл зүйн туршилтыг эхлүүлээд байна. Энэ эмнэлзүйн гол зорилго нь ковид-19 халдварын эсрэг үр дүнтэй эмчилгээг олоход туслах явдал юм. Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй улс орон уг эмнэлзүйн туршилтад хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ. Тэдгээрээс халдварын тохиолдол өндөр буюу халдвар ихтэй байгаа нийт 30 гаруй улс оронд 400 гаруй эмнэлэг туршилтад идэвхтэй оролцож байна.

ДЭМБ-аас өчигдөр хийсэн ээлжит мэдээллийн үеэр хумхаагийн эсрэг эмүүдийн туршилтыг түр зогсоох болсноо мэдэгджээ. Учир нь уг эмийг халдвар авч өвчилсөн өвчитнүүдэд хэрэглэхэд нас баралт эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй талаар мэдээлжээ. Хөндлөнгийн судлаачдаар эмийн аюулгүй байдлын талаар дахин судлуулж дүгнэлт гарггах шаардлагатай гэж үзсэн байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү