Б.Янжмаа: Сөүлд эх уурхай нь тодорхойгүй халдварын жижиг голомт илэрсэн


2020-05-27 12:18:58

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-д өчигдөр 25.000 шахам шинэ халдвар, 592 нас баралт бүртгэгдсэн байна. Нас баралтын хувьд өмнөх өдрөөс ялимгүй буурчээ. Халдварын цөм Нью-Йорк мужид хамгийн цөөн буюу 73 нас баралт бүртгэгдлээ. Нэгдсэн улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 1.6 сая гаруй болсон байна.

Бразил улсад өчигдөр 16.300 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 391.000 гаруй боллоо. Үүнээс эдгэрсэн тохиолдол 158.000 гаруй  болж, идэвхтэй халдвартай хүний тоо 208.000 гаруй байна.

Өмнөд Америкт Бразил, Перу, Чил улсуудад халдвар хамгийн өндөр байгаа бөгөөд тархвар зүйн хувьд хүн амын дунд өргөн хүрээний тархалттай гэсэн ангилалд байна.

Европын бүсэд ОХУ-д өчигдөр 8.900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 362.000 гаруй болжээ. Нас баралт 174 буюу өмнөх өдрүүдээс хамгийн цөөн бүртгэгджээ.   

Зүүн Өмнөд Азийн бүсэд БНЭУ-д өчигдөр 6535 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 145.000 гаруй болжээ. Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор Энэтхэг улс 9-д эрэмбэлэгджээ.

Номхон далайн баруун бүсэд БНСУ-д өчигдөр 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 30 тохиолдол нь дотоодын халдвар бол 3 нь гаднаас зөөвөрлөгджээ. Түүнчлэн цахим худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн компанийн Сөүл хот дахь ложистик төвд эх уурхай нь тодорхойгүй халдварын жижиг голомт илэрсэн байна. Мягмар гарагийн байдлаар уг голомтоос 10 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өчигдөр бүртгэгдсэн шинэ тохиолдлын дийлэнх нь шөнийн клубийн голомтод халдвартай тархвар зүйн хувьд холбоотой бөгөөд уг голомтын батлагдсан нийт тохиолдлын тоо 255 болсон байна.

Хятадад өчигдөр гаднаас зөөвөрлөгдсөн 1 тохиолдол, шинж тэмдэггүй 28 тохиолдол бүртгэгдлээ. Өчигдрийн байдлаар тус улсад нийтдээ 1.732 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн, 440 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгджээ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү