Баянхошуу эрүүл мэндийн төв ирэх сард ашиглалтад орно


2020-05-28 20:27:59

Баянхошуу эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явц 70 хувьтай явагдаж байна. Тус эмнэлэг анх зөвхөн нийслэлийн ахмадуудад үйлчилгээ үзүүлдэг 30 ортой эмнэлэг байсан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын дэмжлэгээр 150-160 ортой эмнэлэг ашиглалтад ороход ойрхон болоод байна.

Мөн ахмад настан багадаа 30 хоног ор хүлээдэг байсан бол дээрх эмнэлэг ашиглалтад орсноор нүдээ ширгэтэл хүлээдэг эл байдал арилах юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва эмнэлгийн гүйцэтгэгч болон эмч ажилтнуудтай уулзжээ. Тэрбээр энэ үеэр “Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон 6 гишүүн миний санаачилсан энэ эмнэлгийг дэмжиж байгаад талархаж байна” хэмээлээ.

Одоогоор барилгын ажил ямар нэг хүндрэл саадгүй хэвийн явагдаж байгаа аж. Дүүргийн ахмад настнууд орчин үеийн тоног төхөөрөмжтэй, хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ нь нэмэгдсэн тохилог дулаан эмнэлгээр үйлчлүүлэх цаг ойртож байгаад баяртай байна.

2019 оны төсвийн тухай хуульд 5.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр тусгагджээ. 2019 оны 7 сард Эрүүл мэндийн яам 5.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэгч байгууллагатай гэрээ хийж, ажил эхэлжээ.

Барилгын дэд өртөө, гаднах шугам сүлжээний хөрөнгө 2019 оны төсөвт тусгагдаагүй аж. Харин 2020 оны төсөвт 2.8 тэрбум төгрөг нэмж тусгагдсан байна. Эрүүл мэндийн яам 03 сарын 14-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулж, барилга угсралтын ажлыг санхүүгийн хувьд ямар ч гацаагүй болгосон талаар Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалт, барилгын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Мөнхтогтох танилцуулсан юм.

Дээрх эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил санхүүгийн хувьд асуудалгүй болсон тул ирэх 07 дугаар сард багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр төлөвлөсөн хугацаанаасаа 6 сарын өмнө ашиглалтад орно гэсэн үг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү