Б.Янжмаа: Солонгос улсад халдварын 2 дахь давалгаа эхэлсэн талаар мэдээллээ


2020-06-24 12:26:20

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-д өчигдөр 26.600 гаруй халдварын тохиолдол, 410 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2.3 сая гаруй болсноос нийт 120.000 гаруй хүн эндээд байна.

Бразил улсад өчигдөр 39.400 гаруй халдварын тохиолдол, 1374 нас баралт шинээр бүртгэгдлээ. Тус улсын халдвар өссөн дүнгээр 1.1 сая гаруй болсноос 52.640 гаруйд хүрлээ. Эдгэрсэн хүний тоо 613.600 гаруй байгаа бол одоогийн байдлаар идэвхтэй халдвартай хүн 480.000 шахам байна.

ОХУ-д өчигдөр 7.425 халдварын тохиолдол, 153 нас баралт шинээр бүртгэгдлээ. Нийт бүртгэгдсэн халдварын тоо 599.700 гаруй болсноос нас баралт өссөн дүнгээр 8.359 болжээ.

Герман улсад мах боловсруулах үйлдвэрт гарсан халдварын голомтоос  уг үйлдвэрийн 1500 гаруй ажилчин халдвар авсан нь батлагдаад байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн ажилчид оршин суудаг болон үйлдвэр байршдаг хоёр дүүрэгт 06 сарын 30-нийг хүртэл бүрэн хөл хорио тогтоож, 7.000 гаруй хүнийг тусгаарласан байна. Хөл хорионд орсон 2 дүүрэгт нийтдээ 360.000 гаруй хүн оршин суудаг байна. Дээрх дүүргүүдэд кино театр, музей зэрэг олон нийтийн соёл үйлчилгээний газруудыг дахин хаажээ.

Герман улсад дээрх голомтоос гадна сүмийн үйл ажиллагаануудтай холбоотой жижиг голомтууд Берлин болон бусад хот дүүргүүдэд илэрсэн. 06 сарын 23-ний байдлаар тус улсын нийт халдвар авсан хүний тоо 190.860 байгаагаас 8.900 шахам хүн эндээд байна. Мөн өдрийн байдлаар тус улсын халдварын индекс 2.02 байна.

Япон улсад өчигдөр 43 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 40 нь дотоодын халдвар, 3 нь гаднаас зөөвөрлөгджээ. Мөн өдөр ковид 19 халдвароын шалтгаант нас баралт 2 нэмэгдсэн байна.

БНСУ-д өчигдөр 51 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 31 нь дотоодын халдвар бөгөөд 20 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 19 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгджээ.

Сөүл орчмын нутаг дэвсгэрт халдварын 2 дахь давалгаа өрнөж байна гэж мэдээллээ. Үүнээс өмнө тус улсын тархвар судлаачид намар улирлын томуу эхлэх үеэр 2 дахь давалгаа эхлэх болов уу гэсэн тооцоолол хийж байсан ч бодит байдал дээр тооцоолол өөр боллоо гэдгийг мэдээлж эхэллээ.

Хятад улсад өчигдөр 12 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүний 9 нь дотоодын халдвар бөгөөд 3 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдваруудын 7 нь Бээжин хотод бүртгэгджээ. Мөн өдөр шинж тэмдэггүй халдварын 3 тохиолдол бүртгэжээ. 06 сарын 11-ний өдөр халдвар батлагдсанаас хойш Шинфади захаас эх уурхайтай тохиолдлын тоо нийтдээ 256 боллоо.

Хятадын эрдэмтдийн хөгжүүлж байгаа ковид 19 вакцины эмнэлзүйн 3 дугаар шатны туршилтыг мягмар гарагт Араын нэгдсэн Эмират улсад эхлүүлжээ. Дээрх вакцин нь өнөөдөр судлагдаж байгаа вакцинуудаас эмнэлзүйн 3 дугаар шатны туршилт руу орсон анхны вакцин юм. Хятад улс дотооддоо халдварыг үндсэндээ хяналтдаа авсан тул 3 дугаар шатны туршилтыг явуулахад шаардлагатай өвчитний тоо болон бусад нөхцлийг хангахгүй байгаагийн улмаас уг судалгааг хилийн чанадад хийх болжээ.

Дээрх вакцин нь идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд эмнэлзүйн 1 болон 2 дугаар шатны судалгаагаар ноцтой гаж нөлөө илрээгүйн зэрэгцээ туршилтад хамрагдсан хүмүүст 2 тун вакцин хийснээс 28 хоногийн дараа эсрэг биет илэрсэн байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү