Б.Янжмаа: Хятад улсад өчигдөр 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ


2020-06-25 12:33:35

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-д өчигдөр 34.300 гаруй халдварын тохиолдол, 784 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд халдварын тархалт болон тоогоор тэргүүлж байна. Одоогийн байдлаар тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2.3 сая гаруй болсноос 121.100 гаруй хүн энджээ.

Бразилд өчигдөр 42.700 гаруй халдварын тохиолдол, 1.185 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.Тус улсын батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 1.1 сая гаруй болсноос 53.000 гаруйд хүрлээ. Нийт халдвар авсан хүмүүсээс 650.000 шахам хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 484.000 гаруй хүн идэвхтэй халдвартай байна.

БНЭУ-д өчигдөр 16.000 шахам халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.Тус улсын нийт халдвар 456.000 гаруй боллоо.

Герман улсад өчигдөр 587 халдварын тохиолдол, 19 нас баралт шинээр бүртгэгдлээ. Бүртгэгдсэн нийт халдвар 191.000 гаруй боллоо. Мах боловсруулах үйлдвэрийн голомтоос нийт 1550 гаруй хүн халдвар аваад байна. Дээрх үйлдвэрээс гадна шувууны аж ахуйд халдвар гарч, 35 ажилчин халдвар авсан нь батлагдаад байна.

Тус улсын эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн мэргэжлийн холбоо болон Германы эмнэлгүүдийн холбооны нэгтгэсэн мэдээллээр тус улсад нийт 27.154 эрчимт эмчилгээний ор бүртгэлтэйгээс өчигдрийн байдлаар ор 65 хувийн ашиглалттай, 35 хувь нь сул байна. Тус улсад холбооны бүх мужуудад нийтийн тээврийн хэрэгсэл болон дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ иргэд амны хаалт заавал зүүх, олон нийтийн газар бусад хүнээс 1.5 метрийн зайтай байх арга хэмжээг мөрдүүлсэн хэвээр байна.

БНСУ-д өчигдөр 28 халдварын тохиолдол, 1 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 23 нь дотоодын халдвар бөгөөд 18 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгджээ.

Хятад улсад өчигдөр 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 14 нь дотоодын халдвар бөгөөд 5 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 13 нь Бээжин хотод бүртгэгджээ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү