Б.Янжмаа: Хятад улсад өчигдөр 13 тохиолдол бүртгэгдлээ


2020-06-26 12:21:26

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-д өчигдөр 37.600 гаруй халдварын тохиолдол, 692 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан хүний тоо 2.3 сая гаруй болсноос 121.800 гаруй хүн эндлээ. Статистикийн хувьд тус улсын 30 муж улсад шинэ халдварын тохиолдол өссөөр байна. Тэдгээрээс 13 муж улсад өмнөх 7 хоногтой харьцуулбал шинэ халдвар 50 хувиар нэмэгджээ.

Бразилд өчигдөр 39.400 гаруй  халдварын тохиолдол, 1.141 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 1.2 сая гаруй болж, үүнээс 54.900 гаруй хүн энджээ.

БНЭУ-д өчигдөр 16.900 гаруй халдварын тохиолдол, 418 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын халдвар нийтдээ 470.000 гаруй болжээ.

БНСУ-д өчигдөр 39 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 27 нь дотоодын халдвар 12 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 4 нь Тэжун хот, үлдсэн нь Сөүлд бүртгэгджээ.

Хятад улсад өчигдөр 13 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 11 нь дотоодын халдвар бөгөөд 2 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын халдварын 11 тохиолдол Бээжин хотод бүртгэгджээ. 2020.06.11-ний өдрөөс хойш Бээжин хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо өссөн дүнгээр 280 боллоо.

Вирусийн халдвар хүнсээр дамжихаас сэргийлж 2020.05.30-2020.06.12-ны өдрийн хооронд Шинфади зах дээр худалдан борлуулагдсан 8 тонн гаруй хүнсний бараа бүтээгдэхүүнийг буцааж татан устгалд оруулсан байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү