Б.Янжмаа:БНСУ-д өчигдөр 28 халдварын тохиолдол бүртгэгдлээ


2020-07-28 12:17:04

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-ын эм үлйлдвэрлэлийн компани болон Герман улсын хамтран хөгжүүлж байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эмнэл зүйн сүүлчийн шатны туршилтыг АНУ-д хийх зөвшөөрлийг авчээ. Уг вакциныг өмнө нь эмнэлзүйн 1 болон 2 дугаар шатны туршилтыг хамтатган хийсэн бөгөөд одоо үргэлжлүүлэн 2, 3 шатны туршилтыг АНУ-ын 39 муж улс болон Герман, Аргентин зэрэг улсад нийт 30.000 хүнийг хамруулан хийхээр болжээ.

Мөн АНУ-ын Харшил халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалга санхүүжилттэй бүтээж байгаа "Модерн" компанийн бүтээж байгаа вакцин сүүлчийн шатны туршилтаа өчигдөр эхлүүлжээ. 3 дугаар шатны туршилт судалгаанд нийт 30.000 хүнийг хамруулна гэдгээ мэдээлжээ.

АНУ-д өчигдөр 61.700 гаруй халдварын тохиолдол, 564 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 4.2 сая гаруй болсноос 146.500 гаруй хүн энджээ. Баар, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг хаах, хүн олноор цуглардаг газруудаар очихгүй байж, бүх нийтээрээ амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сахиж чадвал улсын хэмжээнд вирусын тархалтыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах  боломжтой гэж онцолжээ.

Бразилд өчигдөр 23.200 гаруй халдварын тохиолдол, 614 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын халдвар өссөн дүнгээр 2.4 сая гаруй болсноос 1.6 сая гаруй хүн эдгэрчээ.

БНЭУ-д өчигдөр 49.900 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Нийт халдварын тоо 1.4 сая гаруй болсон байна.

ОХУ-д өчигдөр 5635  шинэ тохиолдол, 85 нас баралт бүртгэгджээ. Тус улсад халдвар авсан хүний тоо өссөн дүнгээр 818.000 гаруйд хүрчээ. Өчигдөр тус улсад 04 сарын 23-ны өдрөөс хойш хамгийн цөөн халдвар бүртгэгдсэн өдөр болжээ.

Япон улсад өчигдөр 598 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 131 нь ТОкио хотод бүртгэгджээ.

БНСУ-д өчигдөр 28 халдварын тохиолдол, 1 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 23 нь гаднаас зөөвөрлөгджээ. Ирак улсад хөдөлмөр эрхэлдэг тус улсын иргэд эх орондоо ирж байгаатай холбоотой зөөвөрлөгдсөн ирсэн тоо өссөөр байна. Мөн ОХУ-аас ирсэн хөлөг онгоцны ажилчид, тэдгээртэй хавьтал болсон иргэдээс халдвар илэрч байна.

Хятад улсад өчигдөр 68 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 64 нь дотоодын халдвар байжээ" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү