Т.МӨНХСАЙХАН: Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч нарын цалинг нэмэх тал дээр анхаарна


2020-10-21 16:07:47

Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүд, сум, багийн эмнэлгүүдийн төлөөлөл оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Сум болон тосгоны түвшинд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах ажлуудыг сайжруулах шаардлагатай байна. Анхан шатны тусламж, үйлчилгээнд ажиллаж буй "боловсон хүчнийг хэрхэн тогтоох уу" гэсэн асуудалд захиргаанаас шалтгаалах ажил их байна. Дээрээс бид ЭМЯ-аас бодлогоор дэмжиж өгнө. Тухайлбал, сум, тосгонд ажиллахад цалин хөлсийг нэмэгдүүлэх, мөн гүйцэтгэлээр санхүүжилт авах боломжийг бүрдүүлж өгнө. Үүнийг та бүхэн зөвөөр ашиглаж боловсон хүчнээ тогтвортой суурьшилтай байлгаж, сум, тосгоны түвшинд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Мөн нийгэм, эрүүл мэндийн талын тусламж үйлчилгээг үзүүлж эрүүл мэндийн боловсролын мэдлэг олгох, үзлэгт нь хамруулах хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн дутуу байгаа тал дээр цаашид бодлогоо чиглүүлж ажиллана. Энэ талаар нэмж боловсон хүчин бэлдэх үү, эсхүл одоо байгаа боловсон хүчнээ илүү сургаж чадавхжуулах чухал уу гэдгийг бодлогын түвшинд тодорхой болгож ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Сум, өрхийн эмч нар зөвхөн өвдсөн хүмүүсийг урьдчилан сэргийлэх зорилгоор ажилладаг биш, нийгмийн зүтгэлтэн байх ёстой. Засаг захиргаатай илүү ойр ажиллах хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн дутуу байгаа тухай мэдээлэл өглөө. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийг нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ чиглэлд салбар яам анхаарч ажиллаж байна. Анхан шатны тусламж үйлчилгээ иргэдэд сайн хүрч байж, эрүүл мэндийн үйлчилгээ зөв болох ёстой тул үүнд анхаарах нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд салбар яам болон Сангийн яам анхан шатны тусламж үйлчилгээний төсвийг хоёр дахин нэмсэн. Энэ бол маш чухал шийдвэр. 

Төв аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Түвшинтамир: Эрүүл мэндийн даргыг томилоход Эрүүл мэндийн газрын дарга томилдог байвал зүгээр байна. Одоо бол сумын засаг дарга томилж байгаа учир улстөржих асуудал их гардаг. Сонгуулийн дараагаар нам, засаг дарга солигдохоор Эрүүл мэндийн төвийн дарга нараа солих тохиолдол сумуудад их гардаг. Мэргэжлийн хүнийг томилохгүй бол засаг дарга хүн яг салбарын асуудлыг ойлгодоггүй асуудал байдаг.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр суралцагч нарын орон тоог нэмэгдүүлж болно. Гэхдээ энэ чиглэлээр боловсон хүчин дутагдаж байна гэхээр суралцагчдын тоог нэмдэг бодлого баримтлахгүй. Бүх салбараар судалгаануудаа хийж байгаа. Ямар мэргэжлийн, ямар чиглэлийн эмч нар шаардлагатай байгаа. Ирээдүй ямар мэргэжилтэн шаардлагатай болох вэ гэх талаас судлагаа хийж байна. Бид ард нь биш урд нь гарч ажиллах хэрэгтэй байна. Ирэх жил эрүүл мэндийн салбарын чиглэлээр суралцагчдын хувьд нэлээд өөрчлөлт орно гэж харж байна. Тооны хувьд ч тэр. Төгсөж байгаа хүмүүсийн чанарын хувьд ч тэр. Бүх тооцоо судалгааг гаргаж, салбарын яамтай ярилцаж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: www.arslan.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү