Дарханд 1 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ


2020-11-13 09:53:04

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Түүнийг ХӨСҮТ-д авчиран PCR шинжилгээ хийж, оношийг бататгах, хэрэв батлагдвал эмчилгээнд оруулахаа мөн мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр мэдээллийнхээ үеэр Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байгааг онцолсон. Иймд УОК-ын хуралдаанаас УОК-ын орлогч дарга, БХ-ын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад үүссэн нөхцөл байдалд шуурхай удирдлагаар ханган ажиллуулахаар илгээсэн байна.

Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд эдгээр зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй ирэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнүүдийг авсан бөгөөд 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байна. Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоосон бөгөөд хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харъяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авна. Эцсийн хариуг даваа гаригт гаргаж дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусын тархалтын хүрээг бодитой харуулж чадна гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн.