Д.Нарангэрэл: Дарханд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 62 хүнийг илрүүлсэн


2020-11-17 17:07:01

Эрүүл мэндийн яамны ээлжит 17.00 цагийн мэдээлэл болов. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "11.00 цагийн мэдээллээс хойш коронавирус халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдлээ. Нийт тохиолдлын тоо 435 боллоо. Өвчлөл Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ. Дархан-Уул аймагт бүртгэгдсэн тохиолдлын хувьд түргэвчилсэн оношлуураар эерэг гэж батлагдсан байсан. Үүнийг PCR шинжилгээ хийхэд онош батлагдлаа. Иймээс тус аймагтай холбоотой төмөр замын дагуу бүх газруудад танадалт судалгаа хийж байна.

Энэ хүний ойрын хавьтал 62 хүнийг илрүүлэн, танадалт судалгаа хийж байна. Үүнтэй холбоотой Улаанбаатар хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр зэрэг зам дагуу аймгуудад коронавирусийн халдвар илрүүлэх танадалт судалгааны ажлыг эрчимжүүлж байна.

Нийслэл хотын багц халдвартай холбогдуулан нийслэл хотын 18 оношлогооны цэг болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд халдварыг илрүүлэх хүрээнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. Одоогоор 6764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна. Иргэд хамрагдахын тулд

- Цаг авах ёстой. Цагийг 1800-0119 дугаарт холбогдох, эсвэл 119..mи цахмим хуудсанд регистерийн дугаараар бүртгүүлж цаг авч шинжилгээ өгнө. Цаг авсны дараа цахимаар шинжилгээний хариугаа авна.Цаасаар ямар нэгэн шинжилгээний хариу өгөхгүй.

Сүүлийн хоёр хоногт бага насны хүүхдэд гар хөлний амны өвчин, амьсгалын замын тууралтад халдвар, салхин цэцэг гарах хандлагатай байна. Иймээс 0-10 насны хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах хэрэгтэй. Хэрэв хүүхэд өндөр халуурах, биеэр нь ямар нэгэн тууралт гарвал 119, 1800.0119-2 гэж холбогдож зөвлөгөө мэдээлэл аваарай" гэлээ.