COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ


2020-11-18 10:04:15

Бүхэл бүтэн нэг гаригийн 7.8 тэрбум хүнийг айлгаад буй цар тахлыг зогсоох  вакциныг гаргаж авахын төлөө дэлхийн олон орон өрсөлдөж байна. Учир нь цар тахал бол аль нэг улсын биш дэлхийн хэмжээний асуудал учраас вакциныг хамгийн түрүүнд гаргаж авсан улс, эрдэмтэд дэлхийн түүхэнд арилшгүй ул мөр үлдээнэ.  Урьд өмнө байгаагүй шинэ төрлийн коронавирусаас олон сая хүний амь насыг аврах цорын ганц арга зам нь вакцин юм. Дэлхий дахинаа өндөр үр нөлөө үзүүлсэн хэд хэдэн вакциныг зарласан сайхан мэдээгээр бид энэ долоо хоногийг угтлаа. Ийн дэлхийд туршиж байгаа, хамгийн сайн үр дүн үзүүлсэн вакцины талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

“Moderna” компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүллээ

АНУ-ын “Moderna” компанийн туршиж буй COVID-19-ийн эсрэг вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлснийг даваа гаригийн орой зарлалаа. Энэ нь коронавирусын эсрэг хамгийн өндөр үр нөлөө үзүүлсэн  АНУ-ын хоёр дахь вакцин юм. “Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үр дүн гэдэг нь тодорхой. Вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэж АНУ-ын халдварт өвчний хамгийн шилдэг эмч, доктор Энтони Фаучи ярьжээ. Харин “Энэ бол миний амьдрал, ажлын минь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин туршсан нь хамгийн өндөр нөлөө үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн “Moderna” компанийн  ерөнхий эмч Тал Закс ярив.

Вакцинд арванхоёрдугаар  сарын дунд үеэс эрсдэлт бүлгийнхнийг, ирэх хавраас бүх хүн амыг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар “Миний бодлоор дөрөвдүгээр сарын сүүлээр бүх хүн энэ вакцинд хамрагдана. Гэхдээ тав, зургаа, долдугаар сар хүртэл хойшилж магадгүй. Вакциныг үйлдвэрлэхэд хоёр сар шаарддаг” гэж  Энтони Фаучи ярьсан байна. “Moderna” компани туршилтдаа 15 мянган хүн хамруулснаас цөөнхөд нь толгой өвдөхөөс өөр гаж нөлөө үзүүлсэнгүй. Тиймээс тус компани энэ сарын сүүлээр вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах юм. Гэхдээ дээрх 94.5 хувь бол ердөө 95 сайн дурын ажилтны эхний үр дүн юм.

 “Pfizer” компанийн вакциныг үйлдвэрээс өвчтөнд хүргэхэд цельсийн -70-аас -80 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай бол “Moderna”-гийн вакцин цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах нөхцөлтэй тул илүү давуу талтай юм.Цельсийн -20 хэмд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалж болохыг “Moderna” баталж байна.

“Moderna”-гийн вакцин нь бусад вакцинуудаас илүү өндөр үнэтэй. Нэг хүнд хоёр тун хийх нэг багц нь 50-60  орчим ам.долларын үнэтэй байх юм.Харин “Pfizer” болон “BioNTech” компанийн вакцины хоёр тун нь 40 орчим ам.доллар, “AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн вакцин тун нь дөрвөн ам.доллар, “Johnson & Johnson” компанийн вакцин тун нь 10 орчим ам.долларын үнээр худалдаалахыг мэдэгдээд байна.

Pfizer: Ирэх хавар гэхэд хэвийн амьдралдаа шилжинэ

Дэлхий нийт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийг COVID-19-ийн эсрэг 90 хувийн үр дүн үзүүлсэн вакцины сайхан мэдээгээр эхлүүлсэн. Тодруулбал, АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компани хамтран бүтээсэн вакцин аюулгүй гэсэн үр дүн  үзүүлж, 90 хувийн дархлаа тогтоосноор хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхэн дэх гайхалтай өдөр боллоо хэмээн олон нийт үзэж байна. Түүнчлэн дээрх  компаниуд вакцинаа энэ сарын сүүл үеэс нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх өргөдөл гаргахаар төлөвлөжээ. Судлаачид хавар гэхэд  хэвийн амьдралдаа шилжих боломж ирлээ хэмээн энэ мэдээг талархан хүлээн авсан юм.

Энэ талаар Оксфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн  профессор Жонн Бэлл “Би үүнийг хэлж буй анхны хүн нь боловч сайн үр дүн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хөл хориог сулруулах, хязгаарлалтыг зогсоох хамгийн сайн арга зам бол вакцин юм” гэсэн бол АНУ-ын “Pfizer” компанийн тэргүүлэгч Алберт Боурла “Бид дэлхийн өнцөг булан бүрт  нүүрлэсэн эрүүл мэндийн хямралыг зогсоох гайхалтай нээлтийг хийхэд ойртлоо” гэв. Энэ вакцины хоёр дахь тунг тариулснаас долоо хоногийн дараа Америк, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркийн сайн дурын 94 ажилтанд 90 хувийн дархлаа тогтсон байна. “Pfizer”  болон “Moderna” компанийн вакцин ижил үр дүн үзүүлсэн нь хүний дархлааны систем дээр үндэслэн ижилхэн технологи ашигласантай  холбоотой аж. Ингэснээр вакцин тариулсан хүний биед вирус  эсэргүүцэх эсрэг биет үүсдэг байна. 

Вакцин хийлгэсэн хүнд дархлаа тогтоодог РНХ, mRNA гэсэн урьд өмнө ашиглаж байгаагүй технологийг тэд ашиглажээ. Тус компани АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохыг хүсч, энэ хүсэлт  ирэх долоо хоногийн эхээр гарч магадгүй гэв. Хэрэв хүсэлтийг нь зөвшөөрвөл  энэ оны төгсгөл гэхэд 50 сая тун, ирэх он гарахад 1.3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж мэдэгдэв. Их Британи 30 сая тунг урьдчилан захиалснаас энэ оны сүүлээр гэхэд 10 саяыг нь авах шаардлагатай гэв.

Мөн Их Британийн эм үйлдвэрлэгч “Астра Зенека” компани болон Оксфордын их сургууль хамтран туршиж буй вакцин үр дүн сайн байвал дэлхий даяар хоёр тэрбум тунг үйлдвэрлэхээс Их Британи дангаараа 100 сая тунг  нь захиалжээ. Мөн Их Британи “Moderna” компанийн вакцинаас таван сая тунг хавах хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ярив.

Хамгийн сонирхолтой нь энэ вакциныг  Турк гаралтай Германы эрдэмтэн хос Угур Сахин, Озлем Туречи нар бүтээжээ. 55 настай Сахин, 53 настай Туречи нар “BioNTech” компаниа 2008 онд Германы Майнц хотод байгуулсан байна. 

Спутник-V вакцин 92 хувийн үр дүн үзүүллээ

Дэлхийн хамгийн анхны коронавирусын эсрэг вакциныг гарган авснаа  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин  наймдугаар сарын 11-нд сүр дуулиантайгаар зарласан. Сүүлийн шатны туршилтын үр дүн ч гараагүй вакцины үр нөлөөнд дэлхий нийт төдийгүй, ОХУ-ын иргэд эргэлзэж тариулахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн билээ. Учир нь уг вакциныг ДЭМБ-аас баталгаажуулаагүй. Гэвч вакцин гарган авах уралдаанд түрүүлэх гэсэн хүслээсээ ОХУ огт буцсангүй.

“Pfizer”  компанийн вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ гэсний дараахан  Гамалей судалгааны хүрээлэнгийн туршиж байгаа Спутник-V вакцин 92 хувийн үр дүн үзүүлснийг  энэ сарын 11-нд зарлав. Сайн дурын 20 ажилтан вакцин тариулснаас 21 хоногийн дараа тэдэнд дархлаа тогтсон байсан аж. Сүүлийн шатандаа тэд 40 мянган сайн дурын ажилтан хамруулснаас эхний тунг 20 мянга, хоёр тунг 16 мянган сайн дурын ажилтан тариулжээ. Тэд туршилтдаа Беларусь, Венесуэль, Энэтхэг, Араын нэгдсэн бүгд найрамдах улсын иргэдийг хамруулсан байна.

Саяхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сан  Энэтэхэгт 100 сая тун, Бразилд 50 сая тун, Узбекстанд 35 сая, Мексикт 32 сая, Непал, Египт 25 сая тунг худалдаалахаар болсноо мэдэгдэв.  Мөн Унгар, Өмнөд Солонгос,  Турк, Франц улс вакцин авахаа мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь 40 мянган сайн дурын ажилтны ердөө 20 хүнийх нь үр дүн учраас баталгаатай биш. АНУ-аас өрсөх гэсэн ОХУ-ын хийрхэл хэмээн ажиглагчид үзэж байна.

Өнөөдөр дэлхий даяар 200 гаруй вакцин туршиж байгаагаас 11 нь  хүн дээр хийх туршилтынхаа сүүлчийн шатанд ороод байна.Гэхдээ коронавирус цаашид хувьсан өөрчлөгдсөөр байвал өнөөдрийн бүтээж буй вакцинууд хүмүүст хангалттай дархлаа тогтоож чадахгүй байж болохыг зарим судлаачид анхааруулж байгаа юм. Мөн одоогийн байдлаар дээрх вакцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг хэлж мэдэхгүй, вакцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна. Дээрх гурван вакцинаас гадна Их Британийн “AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн  хамтарсан вакцин, “Johnson & Johnson” компанийн вакцин сайн үр дүн үзүүлнэ хэмээн таамаглаж байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин