А.Амбасэлмаа: Нийтдээ батлагдсан 30 тохиолдол бүртгэгдлээ


2020-11-18 10:54:22

Коронавирусийн шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2020.11.17-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул,  Дорнод аймгийн лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 20 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн багц халдварын голомтод ойрын хавьтал 529 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 5 хүнд халдвар илэрлээ.  Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод нийт 15 тохиолдол батлагдлаа.

Хоёрдогч хавьтал 3710 хүнд шинжилгээ хийсэн. Үүнд халдвар илрээгүй байна.

Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний хоёр баг ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 300 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс шинээр батлагдсан тохиолдол 6 байна. Сэлэнгэ аймгийн голомтод 10 тохиолдол бүртгэгдлээ.

Төмөр замын дагуух төв суурин газрын иргэдийн дунд танадалт хийж эхэлсэн. Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцноос нэг хүнд халдвар илэрлээ.

Нийтдээ батлагдсан 30 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ гэсэн багц халдвар бий. Тус тусдаа 15 халдвар бүртгэгдээд байна. Танадалт судалгааг нэлээд эрчимжүүлсэн.

Тэр дундаа төмөр зам дагуу ажиллаж, амьдарч байгаа иргэд аль болох шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Мөн амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг анхааруулья гэлээ.

Монгол Улсад нийтдээ батлагдсан 455 боллоо. Эдгэрсэн 329 хүн байна. Ажиглалтад 17, гэрийн ажиглалтад 2, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцсан 7 хүн байна.

ХӨСҮТ-д 119 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байна" гэлээ.