А.Амбалсэлмаа:17.00 цагаас хойш халдварын голомтуудад нийт 37 хүнээс халдвар илэрлээ


2020-11-20 10:53:47

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа коронавирус халдварын шинжилгээний талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.19-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ , Дорнод аймгийн лабораторид нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 3588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа ЗӨСҮТ-ийн лабораторид 466 хүнд шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй байна.

Дорнод аймгийн лабораторид танадалтын зорилгоор хийгдсэн 3 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Өмнөд судан улсаас 2020.10.31-нд ирсэн 214 энхийг сахиулагчийн гурав дахь давтан шинжилгээг хийсэн. Үүнээс 1 хүнд халдвар илэрлээ.

Алтанбулагийн боомтоор 2020.11.16-нд ирсэн ТИР машины 1 жолоочийн шинжилгээнд халдвар илэрлээ.

Франкфурт-Улаанбаатарын онгоцоор 2020.10.24-нд ирсэн 65 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 65 эмч, ажилтны шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Өчигдөр буюу 2020.11.19-ний 17.00 цагаас хойш халдварын голомтуудад нийт 37 хүнээс халдвар илэрлээ. Үүнд

  • Дархан-Уул аймгийн лабораторид 63 хүнлд шинжилгээ хийснээс 5 хүнд халдвар илэрлээ. Ингээд тус аймагт бүртгэгдээд байгаа багц халдварын голомт 16 боллоо.
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймгийн батлагдсан тохиолдлын тоо 51 боллоо.
  • Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол батлагдлаа. Нийтдээ тус аймагт батлагдсан тохиолдлын тоо 6 боллоо.
  • Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 33 боллоо.

Улсын хэмжээнд багц халдварын нийт тоо 120 боллоо. Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 555. Үүнээс эдгэрсэн 335 байна. Ажиглалтад 26, гэрийн ажиглалтад 2, ажиглалт, танадалт дууссан 310 байна. Нутаг буцаасан 7 хүн байна.

ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Хүнд 1
  • Хүндэвтэр 32
  • Хөнгөн 180 хүн байна.

Сүүлд батлагдаж байгаа тохиолдлуудыг харахад ямар нэгэн хэлбэрээр урд нь халдвар балагдсан бүс нутаг, тухайн батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон, мөн 2020.10.30-наас 01-ний хооронд зохион байгуулагдсан тэмцээн, бусад үйл ажиллагаанд оролцсон хүмүүс ихэвчлэн өртөж байна. Иймээс эдгээр тэмцээн, бусад арга хэмжээнд оролцсон хүмүүс аль болох шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Мөн асуумж судалгаа хийж байгаа эмч нарт мэдээллээ зөв өгөх хэрэгтэй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн IV хороонд байрладаг караоке, Эмоц продакшны тоглолт үзсэн хүмүүс шинжилгээнд хамрагдах хэрэгтэй" гэлээ.