Д.Нарангэрэл: Хөл хорио тогтоогоогүй бол халдвар 4-5 дахин илүү өндөр тархах байсан


2020-11-22 10:55:42

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 57.2 сая хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 641.000 хүн шинээр халдвар авсан нь хамгийн олон хүн өвчилсөн өдөр байлаа. Өмнөх өдрөөс 20.000 гаруй хүнээр халдвар нэмж бүртгэгдсэн үзүүлэлт юм. Дэлхий дахинд халдварын тархалтын эрч өндөр байна.

Манай орны хувьд батлагдсан тохиолдол 608 боллоо. Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдлээ. Хатуу хөл хорионы дэглэмд хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Хэрэв хатуу хөл хорио тогтоогоогүй бол халдвар 4-5 дахин илүү өндөр тархах байсан. Хариу арга хэмжээг эрт авч хэрэгжүүлсэний үр дүнд тархалтын хэмжээг хумиж чадсан.

Халдвар Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт өндөр байна. Сэлэнгэ аймагт дайралтын түвшин 7 буюу 1 өвчилсөн хүн 7 хүнд халдвар тараах магадлалтай гэж үзэж байна. Улаанбаатар хотын хувьд дайралтын түвшин арай бага буюу 4.9 хувьтай байна.

Оношлогооны цэгүүдээр 41812 хүн хамрагдсан байна"  гэлээ.