Нийслэлд бүртгэгдсэн гэр бүлийн голомтод ойрын хавьтал 443 хүнийг илрүүлсэнээс 34 хүнд нь халдвар батлагджээ


2020-11-22 11:38:48

2020.11.22-ны өдрийн байдлаар ойрын хавьтал 801 хүнийг олж тусгаарлан, шинжилгээнд хамруулж байна. Хоёрдогч хавьтал 7528 хүнийг тогтоон вирус судлалын шинжилгээнд хамруулж байна.

Ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-өөс гадна тусгаарлан ажиглах 10 байранд тусгаарлаж, дахин давтан шинжилгээ хийх, тэдний эрүүл мэндийн байдалд ажиглалт танадалт хийх ажлыг зохион байгуулж байна.

Нийт батлагдсан тохиолдлын 52 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байна. Энэ нь халдвартай хүнтэй буюу халдвар гарсан голомтод очсон хүн шинж тэмдэг илрэхгүй тул өөрийгөө мэдэхгүй явах эрсдэлтэй учраас тухайн хүмүүстэй хавьтал болсон, үзвэр үйлчилгээ үзсэн, караокед орсон бол өөрсдөө эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Шинж тэмдэгтэй хүмүүсийн 19 хувь уушги болон зүрх судасны архаг хууч өвчтэй, элэгний В, С вирусийн халдвартай хүмүүс байгаа. Илэрч байгаа шинж тэмдгийн хувьд 15.5 хувьд нь хуурай ханиалгах байдал илэрчээ. Томуугийн улирал учраас томуугаар өвчилж гэж андуурах эрсдэл бий тул оношлогооны төвүүдэд хандах хэрэгтэй гэлээ.

4-72 насны хүмүүс халдвараар өвчлөөд байгаа.Үүнд

  • 0-9 насны хүмүүс 6.9 хувь
  • 55 дээш насны хүмүүс 14.8 хувь байгаа аж.

Дундаж нас 32.

Коронавирус халдварын нууц үеийн хугацааг ДЭМБ-аас 14 хоног гэж тогтоосон. Шинж тэмдэг илрэх хугацаа 48 цаг. Бусдад халдварлах эрсдэлтэй.

Монгол Улсад бүртгэгдсэн халдваруудын нууц үеийн хугацааг тооцоход 5.2 хоног. Халдвартай байх үе нь 2-4 хоног.

Халдварлалтын индексийг үзэхэд ойрын буюу гэр бүлийн хүмүүст халдварлах эрсдэл маш өндөр байгаа. Гэр бүлийн анхны тохиолдол бүртгэгдсэн голомтод нийт ойрын хавьтал 443 хүнийг илрүүлсэнээс 34 хүнд нь халдвар батлагджээ. Тараах эрсдэл нь 1 хүн 7-8 хүнд шууд халдварлуулах, цаашлаад 23 хүнд тараах эрсдэлтэй гэж үзсэн талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Төмөр замын голомтын хувьд тэмцээн уралдаан зохион байгуулсантай холбоотой. Ойрын хавьтал 150 гаруй хүн бий. Ойрын хавьтлаас 5 хүнийг илрүүлээд байгаа аж. Төмөр замд гарсан халдварлалтын индекс 3.2 байгаа аж. Иймээс уралдаан тэмцээнд оролцсон 1 хүн 3 хүнд халдварлуулж, цааш хэдэн ч хүнд тараах эрсдэлтэй гэнэ.

Эмчилгээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллэх боломжгүй. ДЭМБ-аас өгсөн эмчилгээний удирдамжийн дагуу 300 гаруй хүнийг эмчилж гаргасан. ОХУ, АНУ-ын эмч нарын эрдэмтдийн гаргасан зөвлөмж эмчилгээний арга тактикийг тухай бүрт нь судалж, эмчилгээндээ нэвтрүүлдэг.

Эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэх нь эрсдэлтэй. Өнөөдөр шинжилгээ ирж өг, хавьтал болсон байна гэж хэлэхэд ирэхгүй байгаа хүмүүс эм ууж өвчнөө хүндрүүлэх эрсдэлтэй учраас нарийвчилсан заавар зөвлөгөөг өвчилсөн хүнд зориулж өгнө гэдгийг тодотгов.