Т.Мөнхсайхан: орон даяар КОВИД19-ын халдвар тархаагүй гэж үзэх үндэслэл байна


2020-11-22 17:19:46

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Улсын хэмжээнд КОВИД19-ын халдвар Төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн үндсэн хоёр голомтоос тархсан нь тогтоогдсон. Орон даяар тус өвчний халдварын тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. Тодруулбал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал, үнэр амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал шинжээр эмнэлгийн байгууллагад хандсанаар 1-3 тохиолдол тус тус илэрсэн.

Эдгээрийн эх үүсвэр тогтоогдсон бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол нэг ч байхгүй нь орон даяар КОВИД19-ын халдвар тархаагүй байна гэж үзэх нэг үндэслэл байж болох аж. Бүртгэгдсэн халдвараас үүдэлтэй тархалтын ерөнхий эх үүсвэрийг тогтоосон нь цаашид халдварын тархалтыг хумих боломжтой байх эерэг хандлагыг харуулж байна. Тиймээс халдварын тархалтыг бүрэн хумихын тулд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, нэн чухал гэв.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд КОВИД19-ын халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс Улаанбаатар хотод 50 мянга хийгдсэн. Улаанбаатар хотод хамрагдсан иргэдийн 20 мянга нь сайн дураар шинжилгээнд хамрагдснаас нэг ч халдвар илрээгүй нь дээр хэлсэнчлэн халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж буй аж.

Харин КОВИД19-ын халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6000 хүнд PCR шинжилгээг хийжээ. Эдгээр нийт шинжилгээний дүн мэдээлэлд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч буй байдлаас үзэхэд тархалт эхэлсэн голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан байна хэмээн дүгнэж байгаа гэдгийг онцлов.

Сэлэнгэ аймагт бүртгэдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн 26.000, Алтанбулаг боомтын 5000 иргэнийг бүгдийг түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгана. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүмүүсийг халдвар илэрснээс эхлэн тусгаарлан шинжилж байгаа нь халдварыг тархаахгүй барьж чадсан гэлээ. . Ойрын хавьтал бус хүнээс КОВИД19-ын халдвар илэрч буй нь төмөр зам дагасан газруудаас илэрч байгаа аж.