А.Амбасэлмаа: 32 хүнд халдвар илэрлээ


2020-11-24 11:00:29

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг болж, ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.23-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн лабораторид нийт 4335 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нийт 32 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа багц халдварын өвчлөлийн голомт болон хавьтлаас 3 тохиолдол шинээр илэрлээ. Улаанбаатар хотод 54 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр батлагдсан 3 тохиолдлын нэг нь Буянт-Ухаа хороололд байна. Анхны батлагдсан 2 ч тохиолдолтой хамт хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон хүмүүс байна. Үүнд оролцсон 46 хүнийг тусгаарласан. Үүнээс 1 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. 

Хоёр дахь батлагдсан тохиолдол нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч байна. Төмөр замын батлагдсан тохиолдолтой хавьтал болсон хүн.

Гурав дахь батлагдсан тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-Ухаа хорооллын хүн байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнаас халдвар илэрсэн тул шөнөдөө тус төвөөр 5 хоногийн өмнө үйлчлүүлсэн нийт хүмүүсийг шинжилгээнд хамруулах, ойрын хавьтлуудыг олж илрүүллээ. Ойрын хавьтал 111, хоёрдогч хавьтал 176 хүн байна. Үргэлжлүүлэн танадалт судалгаа хийгдэж байна.

Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр илэрсэн. Тус аймагт нийтдээ 124 тохиолдол бүртгэгдлээ. Энэхүү 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаас тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн.

Говьсүмбэр аймагт ойрын хавьтлын 84 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнд халдвар илэрлээ.

Одоогоор халдвар голомтлон гараад байгаа 5 аймгаас Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 20

Дорноговь аймагт батлагдсан тохиолдол 14

Орхон аймагт батлагдсан тохиолдол 17 байна.

Монгол Улсын хэмжээнд дотоодын халдвар 235 боллоо. Зөөвөрлөгдөн орж ирсэн 1 тохиолдол шинээр батлагдсан. Энэ нь 2020.11.10-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан шинжилгээнд халдвар халдвар илэрлээ.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 672 боллоо. Үүнээс эдгэрсэн 342 буюу 51 хувь байна. Ажиглалтад 28, ажиглалт танадалтын хугацаа дууссан 312 хүн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 323 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Хүнд 2
  • Хүндэвтэр 44
  • Хөнгөн 277 хүн байна" гэлээ.