Д.Нямхүү: Цус харвасан, саажилттай хүн коронавирусийн халдвартай эмчлүүлж байна


2020-12-01 11:29:09

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү батлагдсан тохиолдлуудын биеийн байдлыг танилцууллаа.

Тэрбээр "ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 434 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал нь маш хүнд 6 хүн эмчлүүлж байна. Коронавирусийн халдвараас гэхээсээ илүүтэй архаг хууч өвчин, зүрх судас, даралт ихтэй учраас биеийн байдал хүндэрч байна. Коронавирус цусыг их өтгөрүүлдэг. Үүнтэй холбоотой суурь өвчтэй хүмүүст хүндээр тусч байна.

Чихрийн шижин өвчтэй 3 хүн байна. Мөн цус харвасан, саажилттай хүн коронавирусийн халдвартай эмчлүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд дахь бүх өвчитнүүдийг харьцуулж үзэхэд 30 хувь нь уушгины ямар нэгэн хатгааны улмаас эмчлэгдсэн. Сүүлд 3 хүн амьсгалын аппаратад орсон. Уушгины нэвждэс шимэгдэж биеийн байдал нь сайжирч байна. 

Иргэд ихээр шинжилгээ өгч байна. Гэвч шинжилгээний хариу авах тал дээр хүндрэл учирч байгаа зүйл бий. Сорьцийн тэмдэглэл дээр гаргацтай бичих, мөн түргэвчилсэн тестээр эерэг гарвал тусад нь бичих, PCR шинжилгээг хурдан гаргах тал дээр ажил хийгдэж байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, хариу эцсийн байдлаар баталгаажих хооронд хугацаа бий.