"Ачтан" эмнэлгээс 10, БЗД-ийн эмнэлгээс 2, Голомт банкны 1 ажилтнаас халдвар илэрлээ


2021-01-07 10:50:23

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.06-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 12.200 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 13 тохиолдол бүртгэгдлээ. 10 тохиолдол нь "Ачтан" эмнэлэгийн эмч, ажилчид, тэдний гэр бүлтэй холбоотой. 2 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүлийн хоёр хүн байна. Нэг нь Голомт банкны ажилчнаас халдвар илэрлээ.

БЗД-ийн кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар  2020.12.28-наас  хойш үйлчлүүлсэн хүмүүс харьяа цэгүүдэд ирж шинжилгээ өгнө үү. Голомт банкны теллер халдварт өртсөн учраас шинжилгээ өгөхийг сануулж байна.

Улаанбаатарт нийт 540 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 866 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 2 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1362 боллоо. Үүнээс 889 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 462 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 3
  • Хүнд 11
  • Хүндэвтэр 138
  • Хөнгөн 310 хүн байна.