Д.Сувд: БГД-ийн 6 дугаар хороонд агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан байх магадлалтай


2021-01-22 11:34:06

Орон сууцны хороололд тархсан халдварын танадалт судалгааны эхний үр дүнгийн талаар НЭМҮТ-ийн АЭМА-ны дарга Д.Сувд танилцууллаа.

Тэрбээр "Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 5 өрхийн 5 тохиолдол 2021.01.07-нд батлагдсан. Тухайн байрны 1 болон 2 дугаар орцонд халдвар бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлуудын өрхүүд нь байршлын хамааралгүй байжээ.

Баянгол дүүргийн 4 хороонд 3 өрхийн 7 тохиолдол 2021.01.12-нд батлагдсан. Тухайн байрны 2 дугаар орцонд тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд байршлын хувьд хамаарал ажиглагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, агааржуулах хоолойтой хамааралгүй гэсэн үг.

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 4 өрхийн 8 тохиолдол 2021.01.09-нд батлагдсан. Тухайн байрны 5 дугаар орцны 2-5 давхрын айлууд халдварт өртсөн. Энэ нь агаар сэлгэлтээс болсон гэх таамаглал магадлал өндөртэй байна. Таамаглах үндэслэл нь

  • Өвчлөл бүртгэгдсэн айлууд нэг орцны, харалдаад дээд, доод давхрын айлууд бөгөөд агаар сэлгэлтийн нэг сувагтай байна.
  • Айлуудын хоолны болон тамхины үнэр, ариун цэврийн цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг байсан
  • 1 ба 6 давхрын айлуудад өвчлөл бүртгэгджээ.
  • Агааржуулалтын суваг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, нээж, хаах хавхлага байхгүй.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд 3 өрхийн 9 тохиолдол 2020.12.31, 2021.01.04, 2021.01-1-11-нд батлагдсан. Байршлын хувьд хамааралгүй.

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 6 тохиолдол батлагдсан. Тухайн байрны лифт нь 2020.09 сараас хойш ажиллаагүй. 1992 оны 9 давхар барилга. Алгасаад алгасаад өрхийн хүмүүс өвчилсөн байгаа нь ямар нэгэн зүй тогтол байгааг харуулж байна. Үүнтэй холбоотой судалгааны ажил хийгдэж байна. 

Судалгаагаар 1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна.

Нэг сувагт давхар алгасан холбосон төлөвлөлттэй үед угсралтын буруу технилогиос нэг сувагт холбогдож буй айлуудын хооронд бохир агаар дамжиж болзошгүй байдаг.

Дэлхий нийтэд коронавирусийн халдвар агааржуулалтын хоолойгоор дамжсан гэх нотолгоо одоогоор байхгүй. Олон хүн бөөгнөрсөн газарт батлагдсан тохиолдлуудыг судлахад агаарын урсгалын чиглэл даган хүмүүс халдвар авсаныг тогтоосон байна.

Дотроо агаар сэлгэлттэй өрөөнд хурал зохион байгуулахад халдвар тархсан тохиолдол бүртгэгдсэн байгаа тул байгалийн агааржуулалт нэн шаардлагатай байгааг тогтоожээ" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү