О.Дашпагма: Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн архи, тамхи хориглоно гэдэг худал


2021-02-20 11:38:52

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийв.

Өдгөө дэлхийн 87 улс оронд 199 сая тун вакцин хийгээд байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 6.5 сая тун вакцин хийж байгаа юм.

Тэрбээр "Эсрэг биет үүссэн буюу коронавирусийн халдварт өртөж өвчилсөн хүмүүсийг эдгэрсэнээс хойш 3 сарын дараа вакцинд хамруулж, дархлаажуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, 90 хүртлэх хоногийн хугацаанд вакцинд хамрагдаж, дархлаажуулалт хийхгүй байхыг зөвлөж байгаа.

Дэлхий дахинд бүтээгдэгдэж байгаа вакцинууд 18 дээш насныханд туршилт судалгааг хийсэн. Иймээс 18 дээш насны хүмүүст хийхээр зөвлөмжтэй гарсан. Одоогоор 16 доош насны хүүхдүүдэд хийх туршилт судалгаа хийгдэж байна. Иймээс туршилт судалгааны үр дүнгээс хамаарна" гэлээ.

Вакцин хийлгэсний дараа архи, тамхийг тодорхой хугацаагаар хязгаарлана гэх мэдээллийн талаар тэрбээр "Энэ нь ташаа мэдээлэл. Вакцинийг хийлгэсний дараа дагах зөвлөгөө заавар байдаг. Тухайлбал, дулаан хувцаслах, халуун хоол цай уух гэх мэтээр. Харин архи, тамхи хэрэглэхгүй байх заалт одоогоор байхгүй.

Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакциныг хийлгэсний дараа хэсэг газрын урвал илэрсэн тухай мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь 1,000 хүн/тун вакцинд хэсэг газрын урвал 3-4 тохиолдол бүртгэгдэж байжээ. Бусад вакцинтай харьцуулахад энэ нь вакцины дараа илэрч болох хэсэг газрын урвал илрэх түвшинд байна гэсэн дүгнэлт гарсан.

 

Бусад шинж тэмдгүүдийн тухайд:

  • Томуу төст өвчний шинж буюу толгой өвдөх
  • Бага зэрэг халуурах шинж тэмдгүүд бүртгэгдэж байсан нь хэсэг газрын урвал өгөх тохиолдлоосоо цөөн байсан байна.

Вакцины дараа илэрдэг урвалыг цаг хугацаанд нь мэдээлж, эмчийн заавраар хариу арга хэмжээг авах нь зүйтэй.

Коронавирусийн эсрэг вакциныг халуунтай байгаа үед болон халдварт өвчнөөр өвдсөн хүмүүст хийхгүй. Тухайн иргэн вакцин хийлгэхээсээ өмнө эмчийн асууж буй асуултад үнэн зөв хариулж байж вакцины эсрэг заалтыг  мэдэж, вакцин хийлгэх болох эсэхээ шийднэ. Эмчийн үзлэгт хамрагдаж байж дархлаажуулалтад хамрагдана.

Вакцины зориулалтын тариурын хувьд нөөцтэй байгаа. AstraZeneca вакциныг хийх 0.5 мл-ийн зориулалтын тариур нөөцөд бий. Цаашид хийх тариураа захиалсан. Вакциныг тариуртай нь хамт өгдөг" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү