Б.Буянтогтох: Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор гэхээсээ илүү хүний нөөцийн чадамж сулрах нь


2021-04-02 12:23:12

Ковид-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой эмнэлгүүдийн ор, хүний нөөцийн хүрэлцээ хэр байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох танилцууллаа.

Тэрбээр "Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Батлагдсан тохиолдлын тоо өсч байгаатай холбоотой эмнэлэгт ирэх ачаалал нэлээд нэмэгдэж байна. Эрүүл мэндийн яам болон НЭМГ-тай хамтран ор, хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, тарианы зохицуулалтыг хийж байна. 2021.03.01-нд хүнд, хүндэвтэр хүний тоо 70 байсан бол өнөөдөр нийлээд 237 болж өслөө. Хүнд хүмүүс дээр ажиллах эмнэлгийн ажилчдын тоо хөнгөн өвчтөн дээр ажиллах хүний нөөцөөс их байдаг. Энэ мэтээр тохиолдлын тоо нэмэгдэх бүрт эмнэлгийн ор гэхээсээ илүү хүний нөөцийн чадамж шаардлагатай болж эхэлнэ. Эрчимт эмчилгээний тасагт байгаа 6 оронд 7-9 хүн ажилладаг. Энгийн эмчилгээний 30-40 оронд 5-6 баг ажиллах бололцоотой. Үүнээс тооцоолбол тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр  эмнэлгийн хүний нөөц чадамж сулрах хандлагатай байна.

Иймээс иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэм баримтлах, аль болох гэрээс гарахгүй байх хэрэгтэй байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэх нь.

2021.03.14-ний өдрөөс хойш хөнгөн өвчитнүүдийг гэрээр эмчилж байгаа. Батлагдсан тохиолдол болгонд гар утсанд нь мессеж ирж, дагалдан зөвлөгөө мэдээлэл авах линк дагалддаг. Мөн биеийн байдлыг үнэлэх асуумж бий. Тиймээс эмнэлэгт яаран хандахаас илүүтэй биеийн байдлыг үнэлж, өрхийн эмнэлэгт хандаж, анхан шатны тусламж үйлчилгээ авах боломжтой.

16 аймагт халдвар бүртгэгдээд байна. Халдвар голомтлон гарсан ангилалтай. Өдөр бүр орон нутагтай холбож, шаардлагатай хангалтыг өгч ажиллаж байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү