Б.Янжмаа: Италид эрүүл мэндийн ажилтнуудын 8.4 хувь нь халдвар авсан


2020-03-28 13:04:27

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар танилцууллаа.

Тэрбээр "Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор 919 хүн нас барсан нь халдвар анх бүртгэгдсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт  болжээ. Тус улсад нийт нас баралт 9134 бүртгэгдсэн байна. Европ тивд халдвар голомтлон гарч байгаа улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байгаагаас эмнэлгийн ажилтнууд халдвар авах тохиолдол их гарч байна. Тухайлбал, Италид эрүүл мэндийн ажилтнуудын 8.4 хувь нь халдвар авсан бол Испанид 16.5 хувьтай байна.

Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 769 хүн нас барсан байна. Нийт нас баралт 4800 болжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын улмаас маш олон хүн нас барж байгаа. Ялангуяа нийслэл Мадрид хотод нь 2400 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Улмаар тус хотод цогцос хадгалах үйлчилгээ хүндэрч байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Үүнээс улбаалаад орон нутгийн засаг захиргаанаас шүүхийн шинжилгээний хүрээлэнд зохицуулалт хийж, 200 орчим цогцос хадгалахаар ажиллаж байна.

АНУ-д халдварын тохиолдол 100 гаруй мянга давсан. Нийт 1600 хүн нас барсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 400 гаруй хүн нас баржээ.

Хятад улсын хувьд халдварын тохиолдлын дийлэнх гадаадаас зөөвөрлөгдөн ирж буй тул өнөөдрөөс хилээ хааж байгаагаа мэдэгдсэн. Тус улсад визтэй байх эсвэл байнга оршин суух эрхтэй байхаас үл хамаарч гадаадын иргэдийг хүлээж авахгүй. Энэ хориг дипломат ажилтнууд болон агаарын хөлгийн ажилтнуудад хамаарахгүй юм байна” гэлээ.