О.Ариунтуяа: Европт өдөрт 30 мянгаас дээш тохиолдлууд бүртгэгдэж байна


2020-04-01 12:50:16

ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа “ДЭМБ-ын 03 сарын 31-ний өдрийн мэдээгээр коронавирусийн халдвараар нийт  754948 тохиолдол, 36571 нас баралт бүртгэгдсэн байна.

COVID19 халдвар анх мэдээлэгдсэнээс хойш 100 хоног өнгөрч байгаа ч бид энэ вирусийн талаар өдөр бүр шинэ зүйл мэдэж авсаар байна. Дэгдэлтийн эхний 2 сард Хубай мужид  өдөртөө 3800 тохиолдол буюу 99 хувь нь Хубай мужид мэдээлэгдэж халдвар Номхон далайн баруун бүсэд голчлон гарч байсан бол одоо дэглэлтийн цөм Европ руу шилжиж өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Энэ хандлага бусад бүс рүү шилжих магадлалтай.

COVID19 халдвар нь анх гаднаас зөөвөрлөгдөн орж ирж эдгээр тохиолдлыг барьж авч чадахгүй тохиолдолд голомтлон тархаж, цаашдаа хүн амын дунд тогтвортой тархах гэсэн гурван үе шаттайгаар явагдаж байна.

Монгол Улс зэрэг зарим улс орнууд вирусийн тархалтыг амжилттай хянаж чадаж байна. Хятад, Солонгос улс дэгдэлтийг хяналтдаа авч, Сингапур, Япон улс голомтуудаа тогтвортой бага түвшинд барьж болохыг дэлхийн бусад оронд харуулж байна.

Сүүлийн үед манай бүсийн Филлипин, Малайз зэрэг орнуудад тархалт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, зарим оронд оргил үе өнгөрч байгаа ч дэгдэлд бусад улсад гарсаар байгаа нь цар тахалын шинж юм. Зөөвөрлөгдөн орж ирэх халдвар анхаарал татсан асуудал болж байна.

Өчигдөр Номхон далайн баруун бүсийн захирал хэвлэлийн бага хурал хийсэн. Манай улсын сэтгүүлчид идэвхтэй оролцож асуулт асуусан.

COVID19 халдварын ийм онцгой нөхцөл байдлын үед бүх оронд тохирсон нэг дүрэм гэж байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ дэгдэлттэй тэмцэх нэгдсэн арга тактиктай. Энэ нь тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, оношлох, хавьтлыг хурдан олж тусгаарлах, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах, хүн амыг мэдээллээр хангах, оролцоог нэмэгдүүлэх гэсэн шалгарсан аргууд юм.

Цар тахал үргэлжилж байгаа хугацаанд эдгээр арга хэмжээг авсан ч эрсдэл алга болохгүй. Эдгээр арга хэмжээ нь өргөн цар хүрээнд тархах гуравдугаар шатанд үлдэх, үнэтэй цаг хугацаа хожих боломж олгож байгаа юм гэж онцлон тэмдэглэсэн.

Хүн амын дунд өргөн цар хүрээтэй тархах үе шатанд бэлтгэхэд хэнийг ч орхигдуулалгүй, улс орнуудын өнцөг булан бүрт хүрч байж амжилттай болно. Үүний тулд орон нутгийн засаг захиргаа, хүн бүр бүрэн хамрагдан оролцох ёстой. Энэ дэгдэлт хэзээ зогсохыг бид мэдэхгүй. Тодорхой биш байна. Гэхдээ энэ нь дараа 7 хоногт ч юм уу, дараа сард алга болж зогсохгүй. Иймд улс орнууд эрсдэлтэй бүлэг болох өндөр настан, архаг өвчтөн, эрүүл мэндийн ажилтан зэрэг эрсдэлтэй бүлгээ хамгаалж өргөн хүрээнд хүн амын дунд тархах эрсдлээ хангах хэрэгтэй байна” гэлээ.