Буриад, Эрхүү мужид халдвар бүртгэгджээ


2020-04-06 11:30:53

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар дэлхий дахинд коронавирус халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өнгөрсөн ням гарагт Итали, Франц, Испани улсад нас баралтын тоо буурсан байна. Тухайлбал, Францид 357, Италид 525, Испанид 674 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Итали улсын хувьд тус улсын иргэнийг хамгаалах газрын мэдээгээр 525 нас браалт бүртгэгдсэн нь 03 сарын 19-ний өдрөөс хойших хамгийн цөөн нас баралт болсон байна гэж мэдэгдсэн байна. Мөн эрчимт эмчилгээнд орох өвчтнүүдийн тоо сүүлийн 2  өдөр дараалан бага зэрэг буурч байна гэж мэдээлсэн байна.

Испани улсын хувьд нас баралт сүүлийн 3 өдөр дараалан буурсан. Ням гарагийн мэдээллээр шинээр 674 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн 10 өдрийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинэ халдварын хувьд 4.8 хувиар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол  тоо Испанид 130.000 гаруй болсон байна.

ОХУ-ын шинэ халдварын тоо өнгөрсөн хоногт 658 нэмэгдэж, нийт халдварын тоо 5389 болсон байна. Өвчитнүүдийн талаас илүү хувь нь 45-аас доош насныхан эзэлж байгаа юм байна. Мөн ОХУ-ын Буриад болон Эрхүү мужид халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Ням гарагт Япон улсын Токио хотод 143 шинэ тохиолдлыг бүртгэсэн байна. Сүүлийн 2 өдөр дараалж халдвар авсан иргэдийн тоо 100 давсан байна. Үүнтэй холбогдуулан Токио хотын захиргаанаас мэдээлэл хийхдээ мягмар гарагаас эхлэн хөнгөн өвчитнүүдийг зочид буудалд шилжүүлэх замаар эмнэлгийн ор болон хүний нөөцийг зөвхөн хүнд өвчитнүүдэд төвлөрүүлэн ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан байна. Одоогийн байдлаар Токио хотод 1000 орыг ковид 19 халдварын өвчтэй хүнийг хүлээж авахад бэлтгэсэн. Тархвар зүйн хувьд зам бүрийг нь тодорхойлох боломжгүй халдварын тохиолдлууд сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр байгаатай холбогдуулан хотын захиргаанаас тус хотын 13 сая гаруй оршин суугчдыг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан.

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс ковид 19 халдварын эсрэг биетийг илрүүлэх шинжилгээ хийж эхлэх шийдвэр гаргасан байна. Халдюар авсан хүний биед эсрэг биет үүссэн байх учиртай тул уг шинжилгээг хийснээр халдвар асан хэрнээ өвчлөөгүй тохиолдлууд аль хэр их байгаа болон үндэсний хэмжээнд өвчлөлийн тархалтын байдлыг тогтоох ач холбогдолтой юм. Мөн гэрийн нөхцөлд амны хаалтыг хэрхэн хийх талаар зааварчилгаа гаргаж иргэдэд хүргүүлсэн байна.

АНУ-ын хэмжээнд нийт 324.000 гаруй халдварын тохиолдол, 9200 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Тэдгээрийнэ 122.000 нь Нью-Йорк мужид бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд бусад муж улсуудад халдварын тохиолдлууд өсч эхэлсэн.

Шинэ Зиланд улсын Ерөнхий сайд ард иргэдээ хандаж мэдээлэл хийхдээ зайнаас харилцах болон олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна гэдгийг онцолсон. Тус улсад халдварын тохиолдол 1000 гаруй, нас баралт 1 бүртгэгдсэн.

Мөн тус улсын Ерөнхий сайдын мэдээлэлд онцолсон зүйл нь хөгжлийн болон эрүүл мэндийн тогтолцооны хувьд ижил төстэй бусад улс орнуудтай харьцуулахад өвчлөл болон нас баралтын тоо харьцангуй бага байгаа нь хилийг эрт хааж, хязгаарлалтын арга хэмжээ авсны үр дүн юм гэдгийг онцолжээ” гэв..