О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагт халдвар АНУ-д 8 дахин нэмэгджээ


2020-04-08 11:39:08

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа мэдээллээ.

Тэрбээр “ДЭМБ-ын мэдээгээр халдварын тохиолдол 1.282.931 бүртгэгдэж, 72.774 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт халдвар АНУ-д 8 дахин, Испанид 5, Итали, Францид 3 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувиар одоогоор Франц улс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 11 хувьтай байна.

04 сарын 06-нд Хятад улсад нас баралт бүртгэгдээгүй. 60 зөөвөрлөгдсөн тохиолдол мэдээлэгдсэн. Халдвар ОХУ-аас 04 сарын 01-06-ны хооронд орж ирсэн иргэдэд бүртгэгдсэн.

Манай бүсийн Авсрали, Камбуж, Ветнам, БНСУ-д тохиолдлын ихэнх хувийг зөөвөрлөгдсөн тохиолдлууд эзэлж байна.

Япон, Филиппин улсад өвчлөл нийслэл хотдоо өндөр тархалттай байгаа. Ковид 19 халдварт өртсөн хүмүүсийн эв нэгдэл, сэтгэл санааг дэмжих, аюулт өвчинтэй нүүр тулж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулж “Нэг дэлхий гэртээ хамтдаа” санаачилгыг эхлүүлсэн. 04 сарын 18-нд Лэди Гага тоглолтоо шууд дамжуулахаа зарласан.

Оюутан сурагчдын 90 гаруй хувь буюу 1.5 тэрбум хүүхэд залуучууд сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран ДЭМБ-аас “Дэлхийг уншья” нэртэй санаачилгыг эхлүүлж байна. Хүүхдийн унших дуртай номыг зохиолчид Англи хэл дээр өөрсдөө уншиж өгөх юм. Анхны оролцогч нь дэлхийн 50 гаруй хил дээр 180 сая номоо борлуулсан зохиолч инстаграмм хуудсаараа дамжуулан хүүхдүүдтэй 30 минут уулзаж, номныхоо хэсгээс уншиж, хүүхдийн асуултад хариулсан.

ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээний талаарх удирдамжаа өчигдөр дахин шинэчилсэн. Хувийн хамгаалах хэрэгслийн зөвлөмж нь хэвээрээ байгаа ч халдвартай бүс нутгаас ирсэн ачаа тээшийг хэрхэн халдваргүйжүүлэх, хувийн хамгаалах хэрэгсэл хомсдолд орсон үед хэрэглээг уртасгах, дахин хэрэглэхтэй холбоотой зарим зөвлөмжүүд нэмэгдсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү