Б.Янжмаа: Их Британид өнгөрсөн лхагва гарагт 938 нас баралт бүртгэгдлээ


2020-04-09 11:40:07

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Их Британид өнгөрсөн лхагва гарагт нас баралт 938 бүртгэгдэж тус улсад коронавируст халдварын нийт шалтгаант нас баралтын тоо 7000 давсан байна.

Францийн Засгийн газар 04 сарын 15-н хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмээ цуцлахгүй, цааш үргэлжлүүлэн мөрдөх шийдвэр гаргана гэдгээ урьдчилан мэдэгдсэн байна.

Туркийн эрүүл мэндийн яамны мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 4117 тохиолдол, 87 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Турк улсад халдварын улмаас нас баралт 812 болсон байна.

Япон улсын хэмжээнд лхагва гарагт 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 144 тохиолдол нь Токио хотод бүртгэгдсэн.

Халдвар эрчимтэй тархаж буй орон нутгуудад онц байдал зарлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд “Бид хүн хоорондын хавьтлыг 70-80 хувиар бууруулж чадвал дэгдэлт оргил үедээ хүрч, 2 долоон хоног гаруйн хугацаанд тохиолдлын тоо буурч эхэлнэ гэдгийг манай мэргэжилтнүүд бидэнд зөвлөж байгаа” гэж мэдэгдсэн. Ингээд иргэд аль болох шаардлагагүйгээр гэрээсээ гадагшаа гарахаа зогсоож, хязгаарлалтын дэглэмийг чанд сахих талаар анхааруулсан байна.

Япон улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгч байгаа үндсэн зөвлөгөө нь

  • Хүн олноор цуглардаг газар очихгүй байх
  • Агаарын солилцоо муу орчинд байхгүй байх
  • Хүнтэй ойрын зайнаас ярилцахгүй байх

Эдгээр зөвлөмжийг тогтмол өгч анхааруулж байна. Япон улсын хувьд лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 20.000 хүртлэх хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа талаараа тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Хятад улсын засаг захиргааны онцгой бүс ХонгКонгт зайнаас харилцахтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээнүүдийг мөрдүүлэх хугацааг 04 сарын 23 хүртэл сунгасан байна. ХонгКонг 4 дээш тооны хүн цуглахыг хориглосон бөгөөд соёлын болон хүн олноор үйлчлүүлдэг зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.

Перу улсад зарласан онц байдлыг дахин 2 долоон хоногийн хугацаагаар сунгасан. Мөн Этоп улсад шинээр онц байдал зарласан байна. Тус улсын хувьд халдварын тохиолдол 55, нас баралт 2 бүртгэгдээд байна.

Өчигдөр ДЭМБ-ын Европын бүсийн захирал хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ “Европын зарим улс орнуудад халдварын тархалтын мурий өөрчлөлт орох эерэг шинж тэмдэг илэрч байгаа ч тайвшрах цаг болоогүй байна” гэдгийг анхааруулсан. Ялангуяа тархалтыг хязгаарлах зорилгоор Европын улс орнуудад мөрдүүлж байгаа хөл хорио, хязгаарлалтын бусад арга хэмжээнүүдийг сулруулах биш харин Европ тивийн улсын нэгдсэн хүчин чармайлт 2-3 дахин нэмэгдэж байж энэ тархалтын ард даван гарч чадна гэдгийг онцлон тэмдэглэсэн” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү