Б.Янжмаа: Бразил улсад 24 цагийн хугацаанд 20.800 гаруй тохиолдол нэмэгджээ


2020-05-23 12:21:40

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн олон бүртгэгдээд байна.

АНУ-д өчигдрийн байдлаар 20.000 гаруй шинэ халдвар, 1000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна.

Харин Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20.800 гаруй тохиолдол нэмэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 330.800 гаруй болжээ. Мөн өдөр 1.000 гаруй хүн нас барж, нийт эндэгдэл 21.400 гаруй болжээ. Ийнхүү бүртгэгдсэн халдварын тоогоор Бразил улс АНУ-ын дараа буюу  ОХУ-ын өмнө бичигдэх боллоо.  

ОХУ-д нийт батлагдсан халдварын тохиолдол 326.000 гаруй болсон байна.

Баасан гарагт БНЭУ-д шинээр 6000 гаруй тохиолдол бүртгэгдэн, нийт тохиолдлын тоо 118.000 гаруй болж, дэлхийн хэмжээнд халдварын тоогоор 11-д эрэмбэлэгдэх боллоо.

Тус улсын дараагаар Өмнөд Америкийн Перу улсад халдвар эрчимтэйгээр тархаж байна. Батлагдсан тохиолдлын тоо 100.000 гаруйг даваад байна.

ДЭМБ-ын өчигдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаар шинэ коронавирус халдварын тархалтын гол цөм Өмнөд АМерик тив рүү шилжлээ гэдгийг онцолжээ.

Хятад улсын бүтээж байгаа вакцины урьдчилсан үр дүнгийн талаар сэтгүүлд мэдээлжээ. Вакциныг хүний биел туршиж үзэхэд аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж чадаж байсан гэж мэдээлжээ. Вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч, эсрэг бие болон шинэ коронавирусийн эсрэг дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна.

Улмаар уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацааны дотор хүний биед вирусийн эсрэг эсрэг бие болон дархлааны эсийг үүсгэдэг болохыг харуулж байна. Үүнийг цааш улам нарийвчлан дараа, дараагийн эмнэл зүйн туршилтаар батлах шаардлагатай гэж мэдээлжээ.

АНУ-д туршилтын эмийг хүндэрсэн өвчитнүүдэд хэрэглэхэд өвчитнүүдийн эмчлэгдэх ор хоногийг багасгаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Уг судалгааг баасан гарагт сэтгүүлд хэвлүүлсэн байна” гэлээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү