Хонг Конгийн алдарт Jumbo Floating Restaurant далайд хөмөрчээ


2022-06-23 10:11:07

Хонг Конгийн нэр хүндтэй Jumbo Floating Restaurant хотоос зайдуу Өмнөд Хятадын тэнгист хөмөрчээ. Тус ресторан Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлууд гэгддэг Сиша арлуудыг дайран өнгөрөхдөө аюултай тулгарсан. Усан онгоцонд ус орж, хазайж эхэлсэн гэж Aberdeen Restaurant Enterprises Ltd мэдээлж байна.

Компанийн мэдээлснээр хэн ч бэртэж гэмтээгүй ч хөлөг онгоцыг аврах оролдлого амжилтгүй болж хөмөрсөн байна. “Осол болсон газрын усны гүн 1000 метрээс дээш байгаа тул аврах ажлыг хийхэд маш хэцүү болж байгаа юм.

Тус компани “Энэ осолд маш их харамсаж байна" гээд тус рестораныг далайгаас татан авч засвар үйлчилгээ хийх боломжтой газар руу шилжүүлэхээр төлөвлөснөө зарлалаа.

Бараг 80 метр (260 фут) урттай Jumbo Floating Restaurant нь Хатан хаан II Елизавета, Том Круз зэрэг 3 сая гаруй зочдод Кантон хоолоор үйлчилдэг байсан бөгөөд 40 гаруй жилийн турш Хонг Конгийн дурсгалт газар байсан юм.

Царт тахлын улмаас 2020 онд хаагдаж, бүх ажилчдаа халсан. Aberdeen Restaurant Enterprises-ийн хэлснээр ресторан нь үйл ажиллагаа явуулаагүй байсан ч хяналт шалгалт, засвар үйлчилгээнд олон сая Хонг Конг доллар зарцуулсан нь хувьцаа эзэмшигчдэдээ санхүүгийн дарамт болж байна.

Эх сурвалж: Associated Press

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү