Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдаан Улаанбаатар хотноо үргэлжилж байна


2021-11-17 10:06:49

Монгол Улсын Консерватори Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааныг 2021 оны 10 сарын 01-нээс 11 сарын 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.

УРАЛДААНЫ ТҮҮХЭЭС ... Ф.Шопены анхдугаар уралдаан нь 2011 онд, II уралдаан 2014 онд Фридерик Шопены төрсөн өдөр буюу 3-р сарын 01-ний өдөрт зориулан зохион байгуулж байсан бөгөөд хамтран зохион байгуулагчаар БШУССЯ, Бээжин хот дахь БНПУ-ын ЭСЯ, Польшийн соёлын төв ажиллаж байв.

2021 онд зохион байгуулж буй энэхүү III уралдаан нь Монгол - Польш хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн Улаанбаатар хотноо Польшийн ЭСЯ дахин үүдээ нээж байгаатай холбогдуулан  зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  

2011 болон 2014 онуудад зохиогдсон уралдаанд БНХАУ, Итали, ОХУ, Монгол улсуудаас 40 гаруй төгөлдөр хуурчид оролцож байсан бол 2021 онд манай уралдаан өргөжин тэлж, нийт 7 орны 50 гаруй төгөлдөр хуурчид авьяас билэгээ харуулахаар мэдүүлгээ өгсөн юм. Уралдаанд ОХУ, Грек, Испани, Польш, БНХАУ, Солонгос, Монгол орнуудаас өсвөрийн болон насанд хүрэгчдийн “А” “В” гэсэн 2 ангилалаар оролцож байна.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Уралдааны I шат 10 сарын 01-20-ний өдрүүдэд цахимаар явагдаж, уралдаанд оролцогчдын мэдүүлэг, бичлэгийг хүлээн аван, шалгаруулалтын дүнгээ 11-р сарын 4-нд олон нийтэд зарласан билээ. Уралдааны 18-32 насны насанд хүрэгчдийн ангилалд 16 төгөлдөр хуурч оролцсоноос 9 нь, уралдааны 17 нас хүртэлх өсвөрийн төгөлдөр хуурчдын В ангилалд нийт 36 төгөлдөр хуурчид оролцсоноос 19 нь хоёр дугаар шатанд шалгарлаа. I шатны тоглоочдын урын санд Германы суут хөгжмийн зохиолч И.С.Бахын олон хоолойн нэг бүтээл, Ф.Шопены ур чадвар шаардсан этюд, Ноктюрн, Мазурка бүтээлүүд багтсан юм.

Уралдааны II шат Монгол Улсын Консерваторийн Концертын Б танхимд 11 сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 16.00-20.30 цагийн хооронд явагдана. II шатны урын санд Ф.Шопены том хэлбэрийн бүтээлүүд багтсанаас гадна орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулан туурвисан бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор С.Гончиг-Сумлаа, З.Хангал, С.Сансаргэрэлтэх, Х.Мөнх-Ертөнц, Ш.Өлзийбаяр нарын бүтээлүүдээс оролцогчийн сонголтоор урлан тоглох юм.

Энэхүү III уралдаанд оролцогчдийн хөгжмийн сэтгэлгээ, техникийн чадвар, Шопены бүтээлүүдийн хэрхэн амилуулж буй авьяас билгийг шүүхээр нэрт төгөлдөр хуурчид, багш нар ажиллаж байна. Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, Профессор В.Швитава, шүүгчдээр ХБНГУ-ын Мюнхен хотын хөгжмийн их сургуулийн профессор М.Беллхайм, Испани улсын Мадрид хотын Алкала де Энарес хөгжмийн консерваторийн профессор Д.Мэндмаа, СУИС-ын хүндэт профессор, нэрт төгөлдөр хуурч Ц.Энхтөр, МУК-ийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Б.Номингуа нар ажиллаж байна.

Уг уралдааны нийт шагналын сан нь 30 сая төгрөг бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байрын шагналыг гардуулах юм. Уралдааны шагналын санг Польш улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Соёлын яам зэрэг хоёр орны төрийн дээд байгууллагуудаас ивээн тэтгэж байгаа нь Ф.Шопены нэрэмжит Монгол улс дахь уг уралдааны чансааг харуулж байна. Мөн тус уралдааны тэргүүн байрын шагналтанг Варшав хотын Шопены нэрэмжит хүрээлэнгийн урилгаар Польш улсад айлчлан тоглуулах ба, мөн нэрт төгөлдөр хуурчид, багш нарын Мастер классд оролцуулах юм.

Уралдааны зохион байгуулах ерөнхий хороог Консерваторийн захирал Проф.Ц.Пүрэвхүү удирдан ажиллаж байгаа бөгөөд Сонгодог хөгжмийн мэргэжлийн сурууль, төгөлдөр хуурын тэнхим, Уран бүтээл маркетингийн алба, Гадаад харилцааны алба, Консерваторийн уран сайхны зөвлөл хамтран ажиллаж байна. Зохион байгуулах хорооны зөвлөхөөр БНПУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Ноён Кшиштоф Бойко, Монгол Улсын Соёлын яамны уран бүтээлийн газрын дарга, хатагтай Б.Сэргэлэн, Урбанек компанийн захирал Доктор Б.Лхагважав нар ажиллаж байна.

Уралдааны зохион байгуулалтыг дэмжиж, оролцогчдод амжилт хүсэн,  УИХ-ын гишүүн, Монгол улсын ЗГ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Монгол улсын ЗГ-ын гишүүн, Соёлын Сайд Ч.Номин, Монгол улсын ЗГ-ын гишүүн, Монгол-Польшийн Засгын газар хоорондын комиссыг даргалагч, Барилга хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар нар болон БНПУ-ын төрийн Сеймийн дэд дарга Хатагтай М.Гошевска, БНПУ-ын гадаад хэргийн сайд, Ноён З.Рау, БНПУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ноён.К.Бойко, Урбанек компанийн захирал Доктор Б.Лхагважав нар амжилт хүсэж мэнчилгээ дэвшүүлж байна.

Уралдааны ивээн тэтгэгчээр Урбанек компани, ДБЭТ ажиллаж байгаа ба хэвлэлийн Хас Хос компани, Монголин Сошиал Чанел компаниуд хамтран ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү