Хоёр сая төгрөгийн шагналын сантай Салса бүжгийн марафон болно


2022-10-13 11:12:32

Найруулагч Сидни Поллакийн 1969 оны бүтээл, Оскарын долоон шагнал, “Алтан бөмбөрцөг”-ийн таван шагналын эзэн, дэлхийн кино урлагийн сангийн сонгодог кино жагсаалтад бүртгэгдсэн “They Shoot Horses, Don't They” хэмээх шилдэг дэлгэцийн бүтээлээс сэдэвлэсэн “Мишээл салса марафон -2022” тэмцээн энэ сарын 23-ны ням гаригт зохион байгуулагдах гэж байна.

Монголын хамгийн анхны, хамгийн олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, хамгийн өндөр шагналын сантай салса, кизомба бүжгийн гудамжны марафон тэмцээн Мишээл энтертайнмент гудамжинд болно.

Энэхүү бүжгийн сонирхолтой марафон эвентийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр Мишээл групп ХХК, Монголын салса бүжгийн холбоо хамтран зохион байгуулах бол марафон тэмцээний санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар “Нью Йорк стрийт”, “К поп” ресторанууд ажиллаж байна.

Тэмцээний журам

• Урьдчилсан бүртгэлийг өмнө нь явуулж баталгаажуулсаны үндсэн дээр нийт оролцогчдын тоог 150-300 бүжигчнээр хязгаарлана.

• Тэмцээнд 21-ээс дээш насны хүмүүсийг бүртгэнэ.

• Оролцогчид тэмцээний хураамжны мөнгө болох 10.000 төгрөгийг төлснөөр бүртгэл баталгаажна.

• Тэмцээн 10 сарын 23-ны 16:00-00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

• Тусгайлан хязгаарлалт тогтоосон бүжгийн том талбайд оролцогчид бүжиглэх бөгөөд албан ёсны завсарлагын хугацаа болоогүй байхад бүжгийн талбайг орхин үзэгчдийн суудалд суух, бүжгийн талбайгаас шалтгаангүй гарсан тохиолдолд тэмцээнээс хасагдах бөгөөд энэ зарчмаар бүжгийн талбайг орхилгүй бүжиглэсээр хамгийн сүүлд тунан үлдсэн нэг хос тэмцээний ялагч болно.

• DJ хурдан хэмнэлтэй ая, удаан хэмнэлтэй ая гэхчилэн тэмцээнийг сонирхолтой болгох бөгөөд аяны хэмнэлд тааруулж оролцогчид бүжиглэх ёстой. Хэмнэл удааширсан, идэвхгүй байдал харуулсан оролцогчдод хоёр удаа сануулах шар хуудас өгөх бөгөөд гурав дахь сануулга тэмцээнээс хасах хуудас байна.

• Шүүгчид бүжгийн гүйцэтгэл, уран чадвар, техникийн гүйцэтгэлийг бус идэвхтэй байдал, аяндаа тохирсон хөдөлгөөний байдлыг голчлон дүгнэнэ.

• Оролцогч хосуудын хувцасны сонголт зэрэгт тодорхой стандарт тогтоохгүй.

• Тэмцээний явцад хосоо солихыг хориглоно.

• Зохион байгуулагчдын зүгээс 50 минут тутамд 10 минутын завсарлага гарган, биеийн чилээ гаргах, биеэ хөнгөлөх боломж олгоно.

• Бүжгийн талбайн бүс дотроо бүжиглэнгээ аливаа төрлийн шингэн уух, идэх нээлттэй.

• Шагналын сан 2.000.000₮.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү