"Үхлийн цагираг", агаарын амь эрссэн үзүүлбэрүүдийг аварга могойтой нь дэлхийн циркчид "толилуулна"


2022-10-18 17:55:07

Монгол Бөхийн өргөөний дэвжээ ойрын өдрүүдэд үндэсний бөх, урлаг спортынхны тоглолтын оронд Дэлхийн циркийн урлагийнхны алтан тайз болон гялалзана.

Монголын циркийн барилга буюу өнөөгийн нэршлээр “Аса цирк” нурахад бэлэн болж, үйл ажиллагаан нь өөрчлөгдөж мэдэхээр нөхцөл байдал бий болоод удаж байна. Монголын циркчид бэлтгэл, сургуулилт хийх байрны болж, хүүхэд, багачуудын үзэж харах зүйл хомсдсон.

Тэгвэл олон улсын циркийн урлагийнхан Монголчуудын нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөхөөр иржээ. Тэд 10 хоногийн турш Монгол бөхийн өргөөнд үзүүлбэрээ толилуулна.

Монгол бөхийн өргөө одоогоор Монголд циркийн барилгад хамгийн ойрхон очих байгууламж тул ийн сонгосон талаар "Bravo circus"-ийн хамт олон мэдээллэв. Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн дэлхийн үзүүлбэр оролцож байгаа учир дэлхийн циркийн стандартад нийцсэн, Монголд өмнө нь засаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол бөхийн өргөөнд иж бүрнээр засаж тохижуулсныг өнөөдөр хэвлэлийнхэнд үзүүлсэн юм.

Гэрэл, дуу хөгжим, жүжигчид болон амьтад, үзэгчдийн аюулгүй байдлыг ч 100 хувь хангаснаа тоглолтын зарим хэсгээс тоглуулж сонирхуулан “баталгаажуулав”. Циркээс авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд гээд сэтгэл хөдлөлийг үзэгчдэд мэдрүүлэхийн төлөө “Браво циркус” уран бүтээлийн нэгдэл, “Монголын циркчидийн холбоо, “Монгол циркус” энтертайнмент, “Циркус Монголиа Хадгаа” хамтран ажилласан нь энэ.

“Циркус Монголиа Хадгаа”  циркийн захирал Ч.Хатанбаатар ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистан, Бларус зэрэг 11 орны 86 жүжигчин тоглолтод оролцоно. Дэлхийд цуутай “Үхлийн цагариг” үзүүлбэрийг ОХУ-ын үзэгчид үзүүлнэ. Мөн Узбекистаны циркчдийн агаарын амь эрссэн үзүүлбэр,  Африкийн циркчид ахуйн хэрэглээний эд буюу төмпөнгөөр жонглёрдоно гэхчлэн нүд салгалгүй үзэх олон үзүүлбэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн уг тоглолтын ерөнхий найруулагч, “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт "Сүүлийн 10-аад жил Монголын хүүхэд, залуучуудад циркийн урлагийг бараг мэдэхгүй өссөн. Тиймээс Монгол бөхийн өргөөг циркийн байрны хэмжээнд дөхүүлж засч, тохижуулсан. Энэ сарын 20-нд хүмүүнлэнгийн буюу хандивын тоглолт хийнэ. Тоглолтын албан ёсны нээлт энэ сарын 25-нд болно" гэлээ.

Гадны жүжигчидтэй Монголын циркчид хамтарсан үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэсэн. Тухайлбал, Монголын морьтон эрчүүд Казахстаны Астана хотын уран бүтээлчидтэй хамтран мориор “наадна”.

Мэдээж хөгжөөн баясгах алиалагчгүйгээр яахан циркийн тоглолтыг төсөөлж болох билээ.

Гадаадын жүжигчдээс гадна Монгол циркчдийн сор болсон үзүүлбэрүүдийг энэ өдөр харж болно. “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт “Тоглолтод оролцохыг хүссэн циркийн үзүүлбэрүүд олон бий. Гэхдээ дэлхийн циркчидтэй хамтарсан энэ удаагийн тоглолтод дэлхийд гайхагдах, чанартай үзүүлбэрийг “сорчилж” оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд хэд хэдэн үзүүлбэрийг тоглолтод оруулахаар бэлтгэлээ хийж байна” гэлээ.

Үүний нэг нь уран нугаралт. Монгол охидын уян налархай, үегүй мэт нугарахыг хараад дэлхий нийт биширдэг. Тиймдээ ч уран нугаралт бол Монголын бахархал гэлцэх нь бий. Мөн шидэх банзнаас үсрэгчид, хүч тамирын гайхамшиг зэрэг Монголын нэрийн хуудас болсон олон үзүүлбэрийг харах боломжийг "Bravo circus"-ынхан бэлджээ.

Мөн сургуультай баавгай, аварга могой, нохой муур гээд дуу алдан алмайруулж, өхөөрдөн хөгжөөх олон амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.

Циркийн үзүүлбэрийг хүүхэд багачууд гэлтгүй эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч гээд гэр бүлийн бүх гишүүд үзэж сонирхдог. Тиймдээ ч тоглолтыг зохион байгуулагчид Монголын гэр бүл үзэгчид, хүүхдүүддээ циркийн урлагаас авдаг гайхамшигт мэдрэмжийг тасалдуулахгүйн тулд олон улсын циркийн тоглолт зохион байгуулах бэлтгэл ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн талаар мэдээллийн эхэнд онцолж байлаа.

Ташрамд дуулгахад тасалбар Ticket.mn болон бөхийн өргөөний кассаар зарагдаж байгаа бөгөөд борлуулалт маш өндөр байгаа аж. Иймд тасалбар дуусахаас өмнө амжиж захиалахыг зохион байгуулагчид онцолж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү