Б.Сүндэръяагийн "нэрлэсэн" хүчирхийлэгчид хэзээ хариуцлага тооцох вэ


2021-04-14 10:21:18

Цахим орчноо Сүнээ гэж танигдсан балетын багш Б.Сүндэръяа гэх эмэгтэй өөрийн цахим хуудаснаа нэгэн ноцтой баримт дэлгэсэн. УИХ-ын нэгэн гишүүн түүнд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчээр тэвэрч үнссэн, гар хүрсэн, өнөөдрийг хүртэл уулзах, учрах хүсэлт тавьж дарамталж, сүрдүүлж буй талаар нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тэрхүү хүчирхийлэгчийн талаар Б.Сүндэръяа цахим хуудсандаа бичихдээ "Хөөрхий минь дэвшиж буй нутгынхаа малчдад мотоцикл мөнгө бензины талон тарааж сүүлийн 3 сар сайн тордсоон. Сумдуудын засаг дарга нарт миний талд ажиллаж гаргахад тусалбал гарсаныхаа дараа байр өгнө гэж амлаад өгөх гэж байгаа байраач Улаанбаатар хотод урьж авчран үзүүлсэн юм билээ. Нэг сумынх нь засаг даргатай уулзахдаа бөөнөөрөө УБ хотод ийм шалтгаанаар ирсэнийг сонссон юм... МАН УИХ дэвших эрхийг Занданшатар дарга олгосон юм билээ. МАН Удирдах зөвлөл зөвшөөрүүлж чадсан... Үр хүүхдээ хүртэл бусдын гарт алдчихаад яагаад хүүхэд шигээ жаахан хүүхдүүдийг хайрладаггүй юм бэ?” хэмээсэн. Улмаар энэ хүн өдгөө УИХ-ын гишүүн гэдгийг тодотгосон. 

Дээрх нийтлэлийн дараахан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хариу мэдэгдэл гаргасан нь олныг гайхшруулав. Цахим хуудсанд дурьдагдсан хүчирхийлэгчийн талаарх нэр хаяг бичигдээгүй атал яаран мэдэгдэл гаргаж, "...Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар  намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ. Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг  өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие "Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Б.Сүндэръяагийн нийгэмд тараасан мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно” гэж мэдэгдэл гаргав. 

Ямартай ч хүчирхийлэлд өртснөө ил цагаан зарлаж, хуулийн байгууллагаас тусламж хүссэн бүсгүйн гомдлыг хэлэлцэх нь зүйн хэрэг биз. Улмаар тэрхүү хүчирхийлэгчийг олж илрүүлэн, хариуцлага тооцох уу гэх асуулт хариултгүй хоцров. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү