Сүүлчийн зам...


2021-04-16 09:14:41

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн амь ковидын улмаас сүүлчийн замдаа гав ганцаар гарч байна.

Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, 1972 онд төрсөн, оператив тактикийн өндөр боловсролтой хурандаа Ж.Даваарагчаа ковид-19 өвчнөөр нас барлаа. Халдварын голомтонд өдөр шөнийг ялгахгүй өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, өөрийн эрүүл мэндийг мартан цаг наргүй ажилласаар халдварт өвчинд өртөн ийнхүү амьдралаас зуурдаар буцлаа.

Дөчин есхөн настай түүний өмнө 30,40 жилийн өрнүүн амьдрал, ач зээгээ үнэрлэж суух он жилүүд байсан нь эргэлзээгүй. Гэвч тахал бол тахал ажээ. Эмч, цагдаа, сувилагч, арын албанд зүтгэж буй жолооч, асрагч, тогооч, хэв журам сахиулагчид гээд голомтонд ажиллаж буй хэн бүхэн бүгд энэ өвчинтэй тэмцэж, өргөсөн тангарагтаа үнэнч явсаар сульдаж, сөхөрч, дархлаагаа алдаж байна. Гэтэл тахал биш ээ, зүгээр л ханиад гэж олон нийтийг ухуулан мунхруулагчид бүх шатанд, бүх шалтгаанаар байсаар байгаа нь ковид-19 вирусаас илүү аюултай юм. Тэд бол нүүрээ нууж, зэвсгээ ханцуйлсан алуурчид гэж би хэлнэ.

Зүгээр л ханиад байсан юм бол цэл залуухан 20 настан, цэргийн хатуужилтай хурандаа ажлаа хийгээд л амьдрал дунд буцлаад явж байхгүй яасан юм бэ. Зүгээр л ханиад юм бол дэлхий дэлэгнэж, дээлтэй нүүдэлчдийн улирал ирж байхад яагаад ид насны эр хүн ингээд сүүлчийн замдаа тусгаарлах хувцастай хүнээр түрүүлээд цогцос болоод одож байгаа юм бэ? Ядаж яагаад мөрдөс нэгт эрчүүдийнхээ мөрөн дээр, хүндэтгэлийн, хагацлын ёс гүйцээн өргүүлж мордоогүй юм бэ?

Түүнд сүүлчийн замд нь өргөөд гарах үр хүүхэд, мөрийг нь дагуулан сүүн зам татуулаад үлдэх хань ижил бий. Жам ёсны үхэл ингэж ирдэггүй, тахлын үеийн үхэл л ийм хатуу байдаг. Хэчнээн хүн түүний өмнөөс "Чи намайг гэрт нь хорьдог хэн бэ, би явмаар байна" гэж шүлсээ үсчүүлэн орилсон бол, хэд нь бичлэг хийж сошиалд цацна гэж утсаа шүүрсэн бол, зайгаа барь гэж шаардлага тавихад нь зандчиж доромжилсон нь хэд бол, хэчнээн өвлийн өдрийг машиндаа хоолтой хоолгүй барж, эргүүл манаанд гарсан бол гээд бодоод үзээрэй.

Дарга цэрэг, сонсогчгүй бүгд эргүүл манаа, хэв журам сахиулахад ээлжээр гарч, эрэмбээр үүргээ гүйцэтгэдэг алба. Энэ бүх үгүйсгэлийн дундуур өнөөдөр ч эмч цагдаа, сувилагч, онцгой байдлынхан маань чимээгүйхэн ажлаа хийсээр л байгаа. Та нар цалингаа аваад ажиллаж байгаа биз дээ, ажиллахгүй яах юм гэсэн хүйтэн мэс шиг үгээр тэднийг бүү цуцаа, бүү гундаа. Харсан биз дээ, гурван өдөр ажилласан сувилагчийн илүү цагийн цалин 17-хон мянган төгрөг байсан. Үүдэндээ цагдаа зогсоолгүй, албаны хувцастай л болохоос аав ээждээ ангир нялхаараа хүний хориодхон настай үрээр хаалгаа мануулалгүй гэртээ байж болдоггүй юм уу?

Сэтгэл нь тогтсон газартаа л хүн үлддэг, ажилладаг, амьдардаг. Ажлаа хийж, аймшигт өвчинтэй тэмцэж, хэв журам сахиулж, хэл чимээгүй үүргээ гүйцэтгэж, доромжлол болгоныг хүлцэж, гүтгэлэг болгоныг өнгөрөөж, өвдөөд очиход чинь асарч сувилж, өргөлийн сүү шиг сэтгэлээр угтах тэр хүмүүс өөрсдөө үхэл дундуур туучиж явна.

Цэцэггүй, хадаггүй, арцны үнэр, амирлангуйн уншлагагүй, эгнэж зогссон анд нөхөдгүй, эгнэгт үлдэх халуун ам бүлгүй, өнгөрөгсдөө үдэх ёс заншилгүй сүүлчийн зам... энэ бүхэн хайртай хүн бүрийн чинь зүрх сэтгэлд л бий ажээ. Ай хүний хорвоо, хүн хүнээ түшиж, итгэж байж л ялах учиртай нэгэн аюулын өмнө улс орноороо зогсож байна.

Гар гараасаа барьж, ганхашгүй нэгэн сэтгэлээр зүтгээд цаана нь гарчих юмсан даа. Вакцин тойрч хэд талцаад, ковид тойрч хэд хуваагдаад яаж энэ бүхнийг хохирол багатай туулах юм бэ...Амар амгаланг олох болтугай, эрхэм хурандаа, энэ хүртэл бидний төлөө зүтгэсэнд талархъя. Энэ үгийг чин сэтгэлээсээ энэ мөчид хэлж буй бүх хүний залбирал хагацлын хорвоод хайрыг мэдрүүлэх болтугай.

Сэтгүүлч Р.Эмүжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү