Б.Баатархүү: Цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл тогтоогдоогүй


2021-04-29 13:02:17

Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж амиа алдсан болон цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар хийлээ.

-Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж амиа алдлаа. Хэргийн тухай мэдээллийг хэдэн цагт хүлээн авсан бэ?

-Урьдчилсан байдлаар унаж нас барсан гэж дүгнэлт хийх боломжгүй. Цагдаагийн байгууллагад анх ирсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн I  хорооны нутаг дэвсгэр 1-р эмнэлгийн гадна өндрөөс унасан байдалтай хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу дүүргийн цагдаагийн I хэлтэс хэргийн газарт очиж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхлээд 10 цаг болж байна. Холбогдох гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авах ажил хийгдэж байна. Амиа алдсан шалтгаан нөхцөлийг тодруулах, үхлийн шалтгааныг задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болгоно. Хэргийн газрын анхны үзлэгээр зүүн жигүүрийн 6 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ бусад нотлох баримтан дээр тулгуурлан эцсийн дүгнэлт гарна. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Цахим орчинд батлагдаагүй, нотлогдоогүй сэжиг таамаг их гарч байна. Талийгаачийн ар гэрт хүндэтгэлтэй хандаж, хэргийн шалгалт дуусч, бодит шалтгаан нөхцөлийг тогтоох хүртэл худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

-Талийгаач хэдэн настай хүн бэ?

-Амь хохирогч 42 настай Э гэж хүн.

-Цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мэдээлэл бий. Хэргийг шалгаж байгаа юу?

-Тэр мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүний дагуу холбогдох шалгалт хийхэд нэр дурьдагдаад байгаа Т гэгч нь 3 жилийн өмнө цэргийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүн. Шалгалтын хүрээнд тогтоогдсон зүйл нь гэр бүлийнхээ хүнээс салсан. Эд хөрөнгийн маргаантай. Үүнээс үүдэн хоорондын тааламжгүй зүйл байсан. Цагдаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн байсан. Тухайн үед шалгахад гэр бүлийн хүчирхийллийн зүйл тогтоогдоогүй. Эд хөрөнгийн маргаантай зүйл тогтоогдсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү