Дархан-Уул аймаг энэ сарын 10-нд иргэдээ вакцины эхний тунд хамруулж дуусна


2021-05-04 15:24:39

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Мэдээллээр аймгийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдварын эсрэг дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгааг онцлов. Дархан суманд 7, Орхон, Хонгор, Шарын гол сумдад тус бүр 1 нийт 10 цэгээр дамжуулан иргэдээ вакцины 1, 2-р тунд хамруулж байна.

Аймгийн хэмжээнд өчигдрийн /2021.05.03/ байдлаар 1-р тунд 3502, 2-р тунд 4561 нийт 8063 иргэнийг вакцинд хамрууллаа. 4-р сарын 24-ний өдрөөс хойш 16731, өссөн дүнгээр нийт 38588 иргэнийг 1-р тунд хамруулаад байна. Энэ нь вакцинд хамрагдахаар хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн, насанд хүрсэн нийт иргэдийн 65 орчим хувь юм. Үүнээс 13175 хүн 2-р тунгаа бүрэн авчээ.

Энэ сарын 4, 5-ны өдрүүдэд 2-р тунд үргэлжлүүлэн иргэдийг хамруулна. Товлолт хугацааны дагуу энэ оны 5-р сарын 6 гэхэд эхний ээлжийн 2-р тунгийн вакцинжуулалт бүрэн дуусахаар байгаа юм.

Иргэд вакцинжуулалтад хамрагдахын тулд smartdarkhan.com хаягаар албан ёсоор бүртгүүлсэн байх шаардлагтай. Бүртгүүлээгүй иргэдийг вакцинд хамруулах боломжгүйг анхааруулж байна. Цахимаар бүртгүүлсэн л бол Дарханы харьяалалтай эсэхийг үл харгалзан бүх иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна.

Бүртгүүлсэн иргэдийг оршин суугаа багийнх нь харьяаллын дагуу аль ойр цэгт дуудан дархлаажуулж байгаа бөгөөд коронавируст халдварын эсрэг вакцины 2-р тунг 09:00-15:00 цагт, 1-р тунг 15:00 цагаас хойш хийж байна.

Аймгийн Онцгой комиссоос энэ оны 5-р сарын 10-ны дотор аймгийн хэмжээнд вакцинд хамрагдах бүх иргэдийг эхний тунд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Орхон, Хонгор суманд 1-р тунгийн вакцинжуулалт бүрэн дууссан. Шарын голд маргааш /2021.05.05/ дуусгахаар ажиллаж байна. Мөн Дархан сумын 11, 12 дугаар багийн иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулаад байна.

Дархлаажуулалтын цэгт эмнэлгийн ажилтан албан хаагчид өдөр бүр 07:00-22:00 цаг хүртэл нөөц боломж, хүчин чадлаа дайчлан ажилласаар байна. Өдөрт дунджаар 3 мянга гаруй иргэнийг вакцинжуулж байгаа тул дархлаажуулалтын багийнхны ачаалал өндөр байна. Иймд бүртүүлсэн иргэд өөрийн утсанд ирсэн мэдээллийн дагуу заасан байршилд, цаг хугацаандаа очин халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бусдад хүндэтгэлтэй хандан вакциндаа хамрагдахыг анхаарна уу.

Дархан-Уул аймагт иргэдэд хийж буй вакцин нь БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү