"А.Ариунзаяа сайд төсвийн мөнгийг шамшигдуулсан хүмүүст хариуцлага тооцохын оронд намайг дорд үзсэн"


2021-05-13 10:19:11

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үүдэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Чулуун-Эрдэнэ суулт зарлаад 4 хонож байна. Тэрбээр салбарын сайд А.Ариунзаяад хандан төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан нэр бүхий удирдлагуудад хариуцлага тооцохыг удаа дараа шаардсан ч авч хэлэлцээгүй аж. Тиймээс арга буюу суулт зарлажээ.

Түүний хэлж байгаагаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажилчид ажлын байран дээрээ архидаг согтуурч, өндөр үнээр халуун хэмжигч авчээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилтай, орлоготой байлгахад анхаарч ажиллах ёстой Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 500.000 төгрөгөөр халуун хэмжигч, 150 сая төгрөгөөр суудлын хуучин автомашин авсан. Мөн шилэн дансаа хөтөлдөггүй зэрэг асуудлын талаар 2021.03.17-нд А.Ариунзаяа сайдад мэдэгджээ. Үүнээс хойш төсвийн мөнгийг удаа дараа үр ашиггүй зүйлд зарцуулсан байж болзошгүй асуудлыг ч тухай бүрт нь хүргүүлсэн байна. Иргэн М.Чулуун-Эрдэнийн хэлж байгаагаар 620 орчим сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй гэнэ.

Тэрбээр энэ талаар баримт дурьдахдаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих хөтөлбөр байдаг. ТББ, компаниудад олгодог. Энэ төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий байгууллагад олгодог. Гэтэл энэ төсөлд хамааралгүй байгууллагуудад төсөл олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлоготой болгох боломжийг хулгайлсан.

  • Тамгын газрын дарга Хурцэцэг гэж хүн ивээн тэтгэгч байгууллагаас олгосон нөүтбүүк принтерийг хувьдаа завшсан. Ийм өлөн. 2019 оны зургадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дунд IT тэмцээн зохион байгуулсан. Түрүүлсэн хүүхдэд “IT zone” нийгмийн хариуцлагын хүрээнд нөүтбүүк, принтер өгсөн.
  • Мөн 150 сая төгрөгөөр хуучин машин авсан. Лифттэй, тэргэнцэртэй хүн суугаад явах боломжтой автобус байдаг. Гэтэл оронд нь хуучин старекс гэж машиныг 150 сая төгрөгөөр авсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан. Ямар байгууллагаас  авсан бэ гэхээр зам засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллагаас авсан байгаа юм. Соната 8 машиныг бас 100 сая төгрөгөөр авсан байна.
  • Халуун хэмжигчийг нэг ширхэгийг нь 500 мянгаар авч байгаа юм. Зах зээлдээ 60 мянгын үнэтэй байгаа.
  • Дараа нь вэбсайт хийсэн. Зах зээлийн үнэ нь 5-15 сая байдаг юм байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайтыг 35 сая төгрөгөөр хийсэн.

Салбарын сайд тэргэнцэртэй иргэнийг хүлээн авч уулзахдаа ихэнх нь өөрийг нь ажил авахаас өмнө болсон үйл явдал гэсэн бол халуун хэмжигчийг ширхэгийг нь 500.000 төгрөгөөр авсан асуудлыг судалж байгаа бөгөөд зөрчил дутагдал илэрсэн гэдгийг хэлж байсан юм. Энэ талаар иргэн М.Чулуун-Эрдэнэ “Би нэг зүйл гайхаж байна.Төрийн сайд хүн надад хамаагүй гээд сууж байдаг. Сайд нь салбарын ажлыг хүлээж авч, учир дутагдалтай зүйлсийг засаж явах байтал энэ надад хамаагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаад гайхаж байна. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг байдлаас дорд үзсэн байдалтай хандлаа. Чи яагаад ингээд явж байна. Төрийн албан хаагч байж гэх үүднээс хандаж байгаад гомдолтой байна" гэсэн юм.

Түүний суултыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд салбар яамны үүдэнд цуглаж, байр сууриа илэрхийлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү