Т.Баярхүү: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй


2021-09-27 18:00:15

Улсын Онцгой комиссийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа.

Тэрбээр "Коронавирусийн оргил үед эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүндрэл, эрсдэл нэмэгдэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, УОК-ийн дэргэдэх Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021.11.01-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Мөн Их, дээд сургуулийн хичээл, сургалт эхэлсэнтэй холбоотой оюутнуудын дотуур байранд халдварын тархалт байгаатай холбогдуулан оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг тусгаарлан эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад үүрэг болголоо.

Дотоодод халдвар гараагүй байх үед ОХУ болон Европын улсаас ирж байгаа ачаа тээврийг зохицуулахдаа тээврийн хэрэгслийн толгойг солих зарчмаар буюу хүн хоорондын тантакт үүсгэхгүй байхаар зохицуулж байсан. Цаашдаа Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хийхдээ толгой солихгүйгээр шууд ачаа буулгах цэг рүүгээ явах зохицуулалт хийхээр болсон тул уг журмыг хүчингүй болгосон.

Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байгаа. Вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлаж байранд, 7 хоног гэрт тусгаарлаж байгаа. Иргэд вакцинжуулалтад өндөр хувьтайгаар хамрагдаж байгаа зэргийг харгалзан тусгаарлан ажиглах байранд иргэдийг тусгаарлахгүйгээр, нисэх буудал дээр шинжилгээ авч, гэрийн ажиглалтад шилжүүлж байхаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү