10 эмэгтэй тутмын нэг нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртдөг


2022-05-02 11:23:52

Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэнтэй хамтран төрийн захиргааны төв байгууллага, болон орон нутгийн байгууллага тус бүр 3.000 эмэгтэй ажилтан, албан хаагчдыг хамруулан 2021 онд “Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, хандлага”, 2022 онд “Ажлын байран дахь бэлгийн дарамтын тархалтын байдлын судалгаа”-г хийжээ.

2021 оны судалгаанд яамдын 161, газар, агентлагийн 523, аймаг нийслэлийн газар, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын 290, 238 сум, 9 дүүргийн ЗДТГ-ын 1061 төрийн захиргааны албан хаагч хамрагджээ. Харин 2022 оны судалгаанд яамдын 140, газар, агентлагийн 805, аймаг нийслэлийн газар, агентлагийн 711, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын 256 , 255 сум, 9 дүүргийн ЗДТГ-ын төрийн захиргааны 1088 албан хаагч хамрагдсан байна.Судалгаанд оролцсон нийт төрийн захиргааны албан хаагчдын дундаж нас 37.

Төрийн байгууллагын албан хаагчдын дунд бэлгийн дарамтын үйлдлийг олон шалтгааны улмаас хүлцэн тэвчиж, нуугдмал хэлбэрээр оршсон хэвээр байгааг судалгааны дүнгээс харж болно.

Ажилтнуудын 70 орчим хувь ажлын байрны бэлгийн дарамт байгааг хүлээн зөвшөөрсөн, түүнд өртөгчдийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, үйлдэгчдийн 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн дүн гарчээ.

2021 онд судалгаанд оролцсон төрийн захиргааны албан хаагчдын 51.8-83.2 хувь нь бэлгийн дарамтын үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч буюу бэлгийн дарамт мөн гэж байсан бол 2022 оны судалгаанд оролцсон төрийн захиргааны албан хаагчдын 53.3-83.9 хувь нь бэлгийн дарамтын үйлдлүүдийг таних мэдлэг 0.7-1.5 хувиар дээшилсэн нь сайшаалтай.

  • Бэлгийн сэдэлтэй эсвэл доромж үгээр дуудах
  • Хүсээгүй сэдвээр буюу бэлгийн шинжтэй асуудлаар ярилцах, биед нь хүрэх
  • Удаанаар зохисгүй ширтэх
  • Бэлгийн сэдэвтэй онигоо ярих, хошигнох
  • Мөрдөн мөшгих
  • Зурвас илгээх
  • Биед хүч хэрэглэж халдах
  • Хүчирхийлэхийг завдах зэрэг хүчиндэх бүх үйлдэл бэлгийн дарамт юм.

2021 оны судалгаанд оролцсон

  • Гурван төрийн захиргааны албан хаагч тутмын нэг нь бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргахыг,
  • Дөрвөн хүний нэг нь өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил эсвэл чадавхийн тухай дүрслэн ярихыг,
  • Таван хүний нэг нь хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлахыг,
  • Таван хүний нэг нь таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэхийг бэлгийн дарамт биш гэж хариулжээ.

Харин 2022 оны судалгааны дүнгээр бэлгийн дарамт бүхий үйлдлүүдийг биш гэж үзэх үзүүлэлт бага зэрэг буюу 0.2-1.1 хувиар буурсан хэдий ч бэлгийн дарамтын зарим үйлдэл, хэлбэрүүдийг таниулах цаашлаад эмэгтэй төрийн захиргааны албан хаагчид хувийн орон зайгаа хамгаалах зэргээр урьдчилан сэргийлэх мэдлэг хэрэгцээтэй байсаар байгааг Хүний эрхийн үндэсний комиссийн 21 дэх тайланд дурьджээ.

2021, 2022 оны судалгааны дүнгээр 30 хүртэлх насны төрийн захиргааны албан хаагчид өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил, согог, эсвэл чадавхын тухай дүрслэн ярих (2021 онд 28.8 хувь, 2022 онд 26 хувь), бэлгийн дур сонирхлоо далдуур сануулсан зураг, шог зураг, хөдөлгөөн үзүүлэх (2021 онд 19.5 хувь, 2022 онд 17 хувь), бэлгийн агуулга бүхий эд зүйлс, зураг, бичлэг үзүүлэх (2021 онд 20.7 хувь, 2022 онд 17.1 хувь) зэрэг үйлдлийг ажлын байрны бэлгийн дарамт мөн хэмээн үзэхгүй гэжээ. Энэ нь бэлгийн дарамтын үйлдлүүдийг таних залуучуудын мэдлэг өмнөх онтой харьцуулахад бага хувиар дээшилсэн ч хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчил, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн хэлбэр болохыг нь ойлгуулах, бэлгийн дарамтын үйлдлүүдийг таниулах арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах шаардлагатайг харуулж байгааг онцолсон юм.

Гэхдээ “эмэгтэй хүн өөрөө хэт задгай хувцас өмссөнөөс бэлгийн дарамтад өртдөг” гэдэгтэй 2021 оны судалгаагаар 25.6 хувь нь, 2022 онд 29 хувь нь санал нийлэхгүй гэж үзсэн нь 3.4 хувиар өсчээ. Мөн “эмэгтэй хүний ааль авир нь бэлгийн дарамтад өртөхөд хүргэдэг” гэдэгтэй 2021 онд 32 хувь нь, 2022 оны судалгаагаар 36.1 хувь нь санал нийлээгүй гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд эмэгтэй хүнийг буруутгах хандлага буурах төлөвтэй байгааг судалгааны дүнгээс харж болно.

Түүнчлэн

  • Ажлын хамт олон инээж наргихдаа “бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих” байдаг л зүйл гэх хандлага 70 орчим хувьд нь илэрсэн бол 2022 онд 64 хувь болж 7 хувиар,
  • Дотно байх сонирхлоо илэрхийлэх (утас, мессэж, захидал г.м хэлбэрээр)-ийг байж болно” гэж 2021 онд 51 хувь байсан нь 2022 онд 33 хувь болж 18 хувиар,
  • Таалагдсан эмэгтэйгээ дургүй байсан ч удаа дараа болзоонд урих, халамж анхаарал тавихыг хайр дурлалын хэрэг” гэж зөвшөөрсөн 2021 онд 62 хувь байсан нь 2022 онд 46 хувь болж 16 хувиар,
  • Бэлгийн харилцаанд  хүчилж ороогүй тул тэврэх, үнсэхийг зөвшөөрөх” хандлага 2021 онд 62 хувь байсан бол 2022 онд 33.5 хувь болж 28.5 хувиар буурснаас үзэхэд 2021 оны судалгаанд оролцогчдын дийлэнх нь ажлын байрны бэлгийн дарамтыг “хүлээн зөвшөөрсөн” хандлагатай байсан бол 2022 оны судалгаагаар энэ хандлага багасчээ.

2021 оны судалгаагаар “таагүй санагдуулахаар удаан ширтэх, харах” үйлдэлд 341 эмэгтэй буюу 10 эмэгтэй тутмын нэг нь өртсөн гэсэн бол энэ нь 2022 оны судалгаагаар 293 болж 0.3-1.6-иар буурчээ.

Мөн 2021 оны судалгаагаар бие махбодод халдах дөрвөн төрлийн үйлдэлд нийт судалгаанд оролцогчдын 15 хувь буюу долоон эмэгтэйн нэг нь “бие махбодод нь хүрэх, хэт ойртох, наалдах” үйлдэлд өртсөн гэж хариулсан бол энэ тоо 2022 онд 11.9 хувь болж буурсан үзүүлэлттэй байна.

2021 онд төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн 7.9 хувь илэх, үнсэх таалах үйлдэлд өртсөн бол 2022 онд 6.5 хувь нь, бэлгийн харилцаанд орохоор завдах, дайрах үйлдэлд 2021 онд 4.1 хувь нь, 2022 онд 3.5 хувь нь өртжээ.

2021 онд 92 эмэгтэй, 2022 онд 82 эмэгтэй “хүчиндүүлэх” үйлдлийн хохирогч болсноо шууд илэрхийлжээ. 2021 онд 93 эмэгтэй, 2022 онд 95 эмэгтэй энэ асуултад “хариулахыг хүсэхгүй байна” гэжээ.

2022 онд хийсэн судалгаагаар ажлын байранд хэний зүгээс бэлгийн дарамт үзүүлдгийг тодруулахад

  • 50 хувь нь удирдах албан тушаалтан,
  • 28.4 хувь нь хамтран ажиллагч,
  • 11.9 хувь нь хамтран ажиллагч байгууллагын ажилтан,
  • 4 хувь нь үйлчлүүлэгч,
  • 5.7 хувь нь бусад хүмүүсийн зүгээс гэсэн хариултыг өгснөөс дүгнэхэд  байгууллагын эрх мэдэл бүхий удирдах ажилтны зүгээс бэлгийн дарамтын үйлдлүүдийг илүүтэй гаргаж байгааг нотолж байна.

2021 онд ажлын байрны бэлгийн дарамтад өртөөд удирдлагадаа гомдол гаргасан төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн 50 хувь нь “асуудал шийдэгдээгүй”, 12 хувь нь “эсрэгээрээ би буруутгагдсан” гэж хариулсан аж.

Тэдгээр төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн 24 хувь нь буруутай этгээдэд сануулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, 15 хувь нь ажлаас нь халсан гэсэн хариу арга хэмжээг удирдлагаас авч хэрэгжүүлснээс харахад удирдлагад гомдол гаргасан тохиолдолд 40 орчим  хувь нь буруутай этгээдийг шийтгэх, хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа нь харагдаж байна.

2022 оны судалгааны дүнгээр, 60 хувь буруутай этгээдэд сануулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, 15 хувь ажлаас нь халах арга хэмжээг авчээ. Түүнчлэн удирдлагадаа гомдол гаргасан эмэгтэйчүүдийн 60 хувь асуудал шийдэгдээгүй гэж үзжээ.

Хоёр судалгааны дүнгээр ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн 10 хүрэхгүй хувь нь үүрэг хүлээгч этгээдэд гомдол гаргадаг бөгөөд удирдлагын зүгээс асуудлыг шийдэлгүй хайнга хандах, цаашлаад өөрийг нь буруутгасан үр дагавар үзүүлж байгаа нь бэлгийн дарамтын асуудлыг үл тоодог, “байдаг л зүйл” гэж үздэг байгууллагын соёлтой холбоотой байсаар байна

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү